Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-10 08:13:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталлаа.


НИТХ дахь хурлын хороодын хамтарсан хуралдаан, намын бүлгүүдээс гарсан саналыг хэлэлцэн, санал хураасан юм. Хурлын хороод, намын бүлгүүдээс энэ оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж, төсөл үйл ажиллагаан дахь хоёр ажлын санхүүжих дүнг бууруулах санал гаргасан байна. 

Тухайлбал, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын хоёрдугаар ээлжийн ажлын энэ онд санхүүжих төсвийг, мөн Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын ажлын 2023 онд санхүүжих төсвийг бууруулахаар санал хурааж, батлуулав. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын нэгдүгээр ээлжийн ажил, авто замын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд хийх газар чөлөөлөлтийн нөхөн олговрын төсвийг нэмэхээр болжээ.


Түүнчлэн, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж, баталсан байна.

 

Холбоотой мэдээ