Нижерийн Ерөнхийлөгчийн эрүүл мэндэд А.Гутерреш санаа зовниж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-10 11:46:29

НҮБ./ТАСС/. Нижерийн ерөнхийлөгч асан Мохамед Базумын эрүүл мэндийн байдалд санаа зовниж байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттерриш илэрхийллээ. Энэ тухай түүний ажлын албанаас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна.


“Ерөнхийлөгч Базум ба түүний гэр бүлийнхэн ус, цахилгаан, хоол хүнс, эм бэлдмэл хомс орчинд хоригдож байгаа тухай мэдээллийг хүлээн авсан Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш Нижерийн Ерөнхийлөгч ба түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, тэднийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр нэн даруй суллаж, М.Базумыг албан тушаалд нь эргүүлэн томилохыг дахин уриалж байна” гэж мэдэгдэлд дурджээ.


Түүнээс гадна, Базумын засгийн газрын зарим гишүүдийг баривчилсан тухай мэдээллийг хүлээн авсан А.Гутерриш сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд, тэднийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр нэн даруй суллахыг уриалсан байна.


Базумын үед төрийн эрхийг барьж байсан “Нижерийн ардчилал, социализмын төлөөх Тарайа” намын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр бол, Базум болон түүний гэр бүлийнхэн хүн байхын аргагүй хүнд орчин нөхцөлд хоригдож байгаа ажээ.  


Эрчим хүчний гол нийлүүлэгч болох хөрш Нигери улс төрийн эргэлт хийсэн үймээн дэгдээгчдийн эсрэг хориг арга хэмжээ авч, цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоосон тул Нижерийн айл өрхүүдийн ихэнх нь гэрэл цахилгаангүй болжээ. Үүний улмаас нийслэл Ниамей хотод ус дамжуулах хоолойн үйл ажиллагаа доголдож байна. 

Холбоотой мэдээ