Б.Галаарид: Монгол судлал бидний түүхийг үнэн зөвөөр тодруулан үлдээхэд чухал үүрэгтэй

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-08-13 15:44:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Улаанбаатар хотноо болж байгаа бөгөөд өнөөдөр өндөрлөх юм. Агуулга цар хүрээгээ улам бүр тэлсээр байгаа энэ их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монголын энх тайван ба түүхэн туршлага” нэрийн дор зохион байгуулсан. Их хурал 6 салбар хуралдааны хүрээнд өрнөсөн бөгөөд “Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл” сэдэвт салбар хуралдаанд гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын 44 сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

 

Доктор Б.Галаарид “Монголын бөөгийн шашны дахин сэргэлтийн уламжлал шинэчлэлийн асуудалд” гэсэн сэдэвт илтгэл тавьсан. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Монголч эрдэмтдийн их хурлаас таны онцгойлж харсан зүйл юу байв?

-Монголч эрдэмтдийн их хурал тодорхой нөхцөл шалтгааны улмаас хойшилсоор долоон жилийн дараа боллоо. Энэ хооронд дэлхий ертөнц их өөрчлөгдсөн. Улс төр, геополитикийн, эдийн засгийн бүсчлэлийн хувьд гээд олон талаар өөрчлөлт бий болжээ. Шинжлэх ухааны салбаруудад хүртэл өөрчлөлт орлоо. Тэр бүү хэл хүн төрөлхтөн шинээр танин мэдсэн түүх зэргээсээ улбаалаад хандлагын болоод бусад олон өөрчлөлт дунд байна. Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж, ярилцаж, хэлэлцэж авахад байнгын ажиллагаатай энэ их хурлын ач холбогдол маш чухал. Нэг ёсондоо сүүлийн долоон жилийн хугацаанд монгол судлалын талаарх ололт амжилтыг бид харж дүгнэлээ гэсэн үг.


Миний олзуурхаж харсан зүйл бол залуу судлаачид энэ хуралд олноороо, идэвхтэй оролцсон явдал. Энэ бол маш чухал юм шүү. Монгол судлал гэдэг зүйл цаашид оршин тогтнох эсэх тухай эргэлзээ, монгол судлалын төв цэг нь Монголоос алдагдаж алсрах вий гэсэн айдастай үе байсан. Гэтэл тийм нөхцөл байдал ерөнхийдөө үгүй болжээ гэж харлаа. Энэ удаагийн их хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор, өндөр хэмжээнд анхаарч зохион байгуулж байгаа нь бид монгол судлал руугаа буцаад анхаараад эхэлжээ, Монгол судлалыг өөртөө татаж чаджээ гэдгийн илэрхийлэл.


-Цаашид бид юун дээр анхаарах, яавал монгол судлал илүү далайцтай хөгжих боломжтой гэж та харж байна вэ?

-Монгол судлал өөрөө дэлхийд биднийг сурталчлахаас гадна бидний өнгөрсөн түүхийг үнэн зөвөөр нь тодлон тогтооход маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас Монголын төр аль ч үедээ, эдийн засгийн болоод улс төр нийгмийн ямар ч цаг хугацаандаа энэ арга хэмжээг дэмждэг байх нь зүй юм. Анхааралдаа байлгахаас аргагүй эмзэг асуудал. Монгол судлалын төлөө бүхнээ зориулаад, чин сэтгэлээсээ хандаад явж байгаа гадны эрдэмтэн судлаачдыг бид ихээхэн анхаарах, тэднийг бодлогоор дэмжих, урам өгөх хэрэгтэй. Төслүүдийг нь дэмжих, санхүүжүүлэх, монгол хэл сургах, монгол орчинд нь ажиллуулах зэргээр хичээж дэмжиж байвал зөв байх юм. Залуу судлаачид монгол хэлний боловсрол чамгүй сайн байгаа боловч тэднийг илүү өндөр түвшний, судалгааны түвшний хэлний мэдлэг чадвартай болгоход анхаарах шаардлагатай юм байна гэж анзаарч байна. Монгол судлаач бол монгол хэлтэй байх ёстой гэсэн ойлголтыг байнга өгч байх гэх мэт олон асуудал байна.


-Гадны судлаачдын хувьд, ялангуяа залуу судлаачид Монголыг яг аль өнцгөөс нь илүү судлах хандлагатай байна вэ?

-Эрдэмтэн судлаач нар маш өргөн хүрээний судалгаа хийдэг болж. Зөвхөн монголчуудын соёл, түүний уламжлал шинэчлэлийн талаар хэлэлцсэн салбар хуралдаанд оролцсон судлаачдын бүтээлүүдийг авч үзэхэд бүх л сэдвийг тэгш судалж байгаа нь харагдаж байна. Орчин үеийн судлаачид нэг сэдвийг дагнаж судлах бус, ерөнхий чиг хандлагын хүрээнд чөлөөтэй хөрвөдөг судлаачид олон болжээ гэж ойлгож болохоор байна. Яг нэг тодорхой сэдвийг онцгойлж аваад, тэр сэдвээ гол болгоод нарийвчлан судалдаг судлаачийг одоо бэлтгэх хэрэгтэй цаг нь болчихов уу гэж бодлоо.


-Та энэ их хурлаар бөөгийн шашинтай холбоотой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэ сэдэв яагаад энэ хуралд яригдах ёстой сэдэв гэж та үзэв?

-Бөө мөргөлийн дахин сэргэлт, өнөө ба ирээдүйн ач холбогдлынх нь талаар тоймлож товч илтгэл тавьсан. Монгол үндэстний ой санамж эргэн сэргэх, үнэт зүйлээ буцааж олж авахад гол чухал зүйл нь шашны асуудал байдаг учраас бид үүнийг заавал л судлах ёстой юм. Монголын уламжлалт болоод язгуурын шашин бол бөөгийн, буддын шашин. Бид нэгийг нь гүнзгий судлаад, нөгөөг нь шашин биш мэтээр ойлгоод хаячихдаг байсан үе бий. Хүн амын тодорхой хэсэг нь бөөгийн шашинтай гэсэн тогтвортой тоо бүхий судалгаа ч байна. Тэгэхээр бид үүнийг судалж, анхаарахаас өөр аргагүй. Үүний язгуур утга, орчин үежиж байгаа хэлбэр, бусад шашинтайгаа хэрхэн харилцан зохилдож, дасан зохицож байдаг мөн чанарыг нь бид судлах ёстой. Энэ бол зөвхөн нэг хоёр хүний хийх зүйл биш, Монголын төр ой санамждаа хадгалж авах, үлдээж өвлүүлж явах үнэт зүйлсийн нэг гэдэг үүднээс ихээхэн анхаарах зүйл юм шүү.


-Үнэт зүйлсийнхээ цаад мөн чанарыг ойлгоход  нийгмийн зарим үзэгдэл саад болох хандлагатай байдаг. Тухайлбал, бөөгийн шашинтай холбоотой ойлголтыг буруу тийш эргүүлж, бүдгэрүүлж сулруулах янз бүрийн үзэгдэл байдгийг та юу гэж үздэг вэ?

-1992 онд иргэдийн шашин шүтэх эрх нь нээлттэй болсноор зөвхөн бөө мөргөл төдийгүй олон шашин Монголд зэрэгцэн орших, хөгжих, судлагдах боломж олгож өгсөн. Энэ үеэс л дахин сэргэлтийн үе нь эхэлсэн гэж тооцох юм. Ингээд өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаа оноо, туйлшрал, хийрхэл, хөөрлийн үеэ даван туулчихлаа. Одоо энэ шашин ийм учиртай юм байна гэдэг нь харьцангуй тодорхой болж ирлээ. Гадны судлаачид энэ шашныг зүгээр нэг шашны жижиг урсгал маягийн зүйл мэтээр ойлгох хандлага мэр сэр бий. Гэтэл энэ бол 5-7 мянган жилийн настай, маш эртний, бидний язгуурын шашин. Янз бүрийн шалтгаанаар олон зуун жил дарагдсан, буруутгагдсан, бараг байхгүй болох шахсан. Ертөнцийг үзэх үзэл, сургаал номлолыг нь аваад үзвэл жинхэнэ ардын сургаалийн үндэс суурь нь энд явж байдаг. Энэ үнэт зүйлээ бид зүгээр нэг шашны урсгал мэтээр жижигрүүлж ойлгож болохгүй. Нийгмийн сэтгэл зүйг, цаг үеийн хувьсал өөрчлөлтийг дагаж янз бүрийн дүр зураг бий болдог. Энэ ч жамаар бөө мөргөлийн шашны тухай ойлголт дүгнэлт зарим талаараа буруу зөвийн дэнсэн дээр явж байгааг үгүйсгэхгүй. Гэвч энэ бол манай язгуурын үнэт зүйл юм шүү гэдгийг ойлгуулахын тулд энэ их хурал дээр нэлээд ач холбогдол өгч илтгэлээ тавьсан юм. 

Холбоотой мэдээ