Нийслэлд тарваган тахлын сэжигтэй 3 тохиолдол бүртгэгдлээ⚠️
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод тарваган тахал өвчнөөр халдварласан байж болзошгүй, сэжиг бүхий 3 тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ.
Сэжигтнүүдийг ХӨСҮТ-д түр тусгаарлаад байна. ЗӨСҮТ-ийн мэргэжлийн баг лабораторийн шинжилгээг эхлүүлээд байна.
Эдгээр иргэд тарвага агнасан, өвчсөн, махыг нь эвдсэн, идсэн байх магадлалтай байгааг ЗӨСҮТ-өөс
мэдээлээд, иргэд тарваган тахлын эрсдэлтэй байгаа цаг үед тарвага агнах, өвчих,
идэх, мөн хот суурин газраас орон нутгийн иргэдэд захиж авахуулах, тээвэрлэх нь
маш эрсдэлтэйг анхааруулав.
Он гарснаас хойш улсын хэмжээнд 2 удаа тарваган тахлын батлагдсан тохиолдол бүртгэгдсэний нэг нь Говь-Алтай аймагт удаах нь Улаанбаатар хотод энэ сарын 8-ны өдөр батлагдсаныг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа. Сүүлийн 10 жилд нийт 6 аймгийн 11 суманд тахлын 17 тохиолдол бүртгэгдэж байв. Өвчлөгсдийн 46 хувь нь нас барсан статистик байна.
Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сумын
нутагт тарваган тахлын нутагшмал голомттой. Тандалт
судалгаагаар манай улсын 15 аймгийн 81 суманд тарваган тахлын голомтын ангиллаар
идэвхтэй байна. Баруун болон төвийн аймгууд тарваган тахлын
байгалийн голомт онц идэвхтэй бүс аж.