Ж.Байден Хавайд “аль болох ойрын үед” очно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-08-16 11:52:59

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гэргий Жилл Байдены хамтаар Хавай муж улсад “аль болох ойрын хугацаанд” очно гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.


Ж.Байден Висконсин муж улсын Милуоки хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Bidenomics” гэдэг эдийн засгийн төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ энэ тухай ярьсан байна.


Мауи арлыг хамарсан ойн түймрийн талаар ярих шаардлагатай гэдгийг Ж.Байден онцлон тэмдэглээд "ийм олон хүний аминд хүрсэн түймэр сүүлийн 100 гаруй жилд дэгдээгүй. Хот бүхэлдээ сүйджээ. Хавайн уугуул иргэдийн үе дамжсан түүх балгас болон хувираад байна” гэлээ.


АНУ-ын Ерөнхийлөгч мөн Хавай муж улсын захирагч Жош Гринтэй удаа дараа холбогдож, Холбооны засгийн газрын зүгээс тус муж улсыг шаардлагатай бүхнээр хангах болно” гэдгийг батлан мэдэгдсэн байна.


Ж.Байден Хавайг байгалийн гамшигт өртсөн бүс гэж зарлах тухай захирагчийн хүсэлтийг дэмжиж, тус бүс нутагт шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Захирагч Ж.Грин ойн түймрийг Хавайд нүүрлэсэн хамгийн том байгалийн гамшиг хэмээн тодорхойлсон бөгөөд сэргээн босголтод их цаг хугацаа шаардагдахаар байгааг хэллээ.


Ойн түймрийн улмаас 2200 барилга байгууламж сүйдэж, учирсан хохирлын хэмжээ 6 тэрбум ам.долларт хүрсэн гэх тооцоо гарчээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо даваа гаргийн байдлаар 99 болж нэмэгдсэн байна.



Холбоотой мэдээ