Имран Хан-д оногдуулсан хорих ялыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-30 09:01:04

ИСЛАМАБАД. /ВВС/. Пакистаны Дээд шүүх Ерөнхий сайд асан Имран Хан-д оногдуулсан хорих ялын үйлчлэлийг мягмар гарагт цуцалжээ. Энэ тухай түүний өмгөөлөгч мэдээлсэн боловч хээл хахуулийн хэрэгт холбогдсон Хан-ыг хэзээ суллах, ер нь суллах уу гэдэг нь тодорхойгүй байна.


Хан-ы харьяалагддаг “Шударга ёсны төлөөх хөдөлгөөн” намын төлөөлөгч мэдэгдэхдээ, 8 дугаар сарын эхээр анхан шатны шүүхээс оноосон 3 жилийн хорих ялыг Дээд шүүхээс хүчингүй болгосныг дурдаад, уг ял нь Хан-ы хувьд удахгүй болох сонгуульд оролцох боломжийг нь хаасан гэдгийг тэмдэглэн хэллээ.


И.Хан барьцаагаар суллагдаад байсан гэдгийг намын удирдлага ба өмгөөлөгчид хэлээд “гэхдээ түүний эсрэг үүсгэсэн 200 эрүүгийн хэргийн аль нэгээр нь дахиад баривчлах вий” хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.


Пакистанд ихэд дэлгэрсэн крикет спортын од Имран Хан 2018 онд Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд авлигатай тэмцэж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргана хэмээн амлаж байв. Гэвч 2022 оны 4 дүгээр сард итгэл хүлээлгэх эсэх асуудлаар парламентын хуралдаан болж, түүнийг огцруулжээ.

 

Огцорсноос нь хойш Хан-ы эсрэг 200 орчим тооны эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бөгөөд тэдгээрийн дотор авлига, терроризм, тэр бүү хэл бурхныг доромжилсон гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байна.Тухайлбал, улсын сан хөмрөгт байсан үнэт эд зүйлсийг худалдан борлуулж, хагас сая доллар завшсан гэх хэрэг бий. Борлуулсан эд зүйлсийн нэлээд нь гадаадын улс орнуудын удирдагчдын өгсөн бэлэг сэлтүүд ажээ.


Өөрийг нь болон намыг нь ирэх сонгуульд оролцуулахгүйн тулд эрх баригчид  баривчилгаа явуулж байна хэмээн Ерөнхий сайд үзэж байгаа бөгөөд “миний бие шоронд байсан ч байгаагүй ч тэд манай намын ялалтанд саад учруулж чадахгүй” гэжээ.  

Холбоотой мэдээ