“Катар эйрвэйс” компани манай улсаас онгоцны 50 үйлчлэгч шалгаруулж авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-31 10:04:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яам, Катарын Тээврийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн тэргүүлэх авиа компани “Катар Эйрвэйс” Монгол Улсаас 50 хүртэл тооны бүхээгийн ажилтан сонгон шалгаруулж авахаар боллоо.


Тухайн ажилд орох хүсэлтэй 21-34 насны залуус 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл https://careers.qatarairways.com/.../Cabin-Crew... Линкээр бүртгүүлэх юм байна. ЗТХЯ-ны дэмжлэгтэйгээр “Катар Эйрвэйс” компанийн бүхээгийн ажилтан сонгон шалгаруулах баг энэ оны 10 дугаар сард Монголд ажиллаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аж.


Катар Эйрвэйс авиа компани бүхээгийн ажилтанаар ажиллах сонирхолтой хүмүүст 21-ээс дээш насных, гарын хүрэх өндөр 212 см дээш байх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, англи хэлний яриа, бичгийн өндөр мэдлэгтэй, харилцааны соёлтой, олон улсын баг хамт олонтой ажиллах чадвар, үйлчилгээний чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй, эрүүл мэндийн асуудалгүй, Доха хотод байрлаж амьдрах хүсэл эрмэлзэлтэй байх шаардлага тавьжээ.


Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн гуравдугаар сард Катар Улсад айлчилж Агаарын харилцааны хэлэлцээр байгуулан гарын үсэг зурсан билээ. Энэ үеэр Катар Улсын Тээврийн сайд, "Qatar airways" компанийн удирдлагатай уулзаж хоёр талын хооронд шууд нислэг нээх, Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, тус компанид ажиллуулах талаар хэлэлцээр хийсэн юм.


 

Холбоотой мэдээ