Монгол-Хятадын хооронд стандартын шаардлага хангасан машинаар зорчих шаардлага тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-01 08:56:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Замын-Үүд-Эрээний боомтод ажиллах үеэрээ зорчигч тээврийн жолооч нартай уулзаж, тэдний асуудлыг сонслоо.


Жолооч нар “Замын-Үүд-Эрээний боомтоор жижиг оврын автомашинаар хүн тээвэрлэх боломжгүй болсныг нааштай шийдэхгүй бол цар тахлын үе шиг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүйд хүрээд байна. Энэ нь амьдралд нөлөөлж байна” хэмээн ярив.


Үүний хариуд Монгол Улсын сайд, Боомтын  Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга ”Бид  асуудлыг судалж байна. Үүнийг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийн хүрээнд шийдэх юм. Хятадын талаас манайд 8-аас доошгүй хүний суудалтай стандартын шаардлага хангасан автомашинаар Монгол-Хятадын хооронд зорчих, даатгалтай автомашиныг нэвтрүүлэх зэрэг шаардлага тавьж байгаа. Иймд асуудлыг зөвхөн дотооддоо бид ярилцаж шийдэх боломжгүй учир хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд шийднэ” хэмээлээ.

 

Холбоотой мэдээ