Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалыг гадаадын сэтгүүлчид хэрхэн дүгнэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-09-01 21:36:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирcэн билээ. Тус айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сэтгүүлчдээс Монгол орны талаарх сэтгэгдэл болон тус айлчлалаас хүлээж буй үр дүнг сонирхсон юм.


Марко Клементи: Папын айлчлал монгол хүмүүст католик шашны талаар илүү сайн мэдэх боломжийг олгож байна

(Итали Улсын олон нийтийн радио телевизийн сурвалжлагч)


-Миний нэрийг Марко Клементи гэдэг. Би Итали Улсын олон нийтийн радио телевиз /РАЙ/-д ажилладаг. Одоогийн байдлаар Бээжин хотод ажиллаж, Азид өрнөж буй үйл явдлыг сурвалжлах үүрэг хүлээдэг. Хоёр дахь удаагаа Монгол Улсад ирлээ. Хоёр долоо хоногийн өмнө Монголд ажлаар ирж, бид Өвөрхангай аймгийн Арвайхээр хотыг үзсэн. Монголын хөх тэнгэр, зах хязгаар нь үл үзэгдэх эцэс төгсгөлгүй хээр тал, алтан шаргал говь нутаг, түүнээс гадна Монголын сайхан сэтгэлт ард түмэн үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлж байна. Эрийн гурван наадмын тухай сонсож байсан ч өмнө нь ирэхдээ үзэж чадаагүй. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсанаар монгол үндэсний соёл уламжлалыг мэдрэх гайхалтай боломж тохиолоо. Цөөн тооны буюу 1400 гаруй католик шашинтай иргэнтэй Монгол Улсад Пап айлчлал хийснээрээ монгол хүмүүст энэхүү шашны талаар илүү сайн мэдэх том боломжийг бүрдүүлж байна гэж бодож байна. 


Александрия Сэйж: Энэхүү айлчлал Монгол Улсыг олон улсын хараанд авчирлаа

(Франц улсын хэвлэл мэдээллийн агентлагийн (AFP) сурвалжлагч)


-Намайг Александрия Сэйж гэдэг. Би Ром хот дахь Францын хэвлэл мэдээллийн агентлагт ажилладаг. Өөрөөр хэлбэл, олон улсын мэдээллийн агентлаг юм. Би анх удаагаа Монголд ирээд, ердөө 10 гаруй цаг болж байна. Монголд ирээд хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл гэвэл туйлын гайхалтай гэмээр байна. Монгол хүмүүс, онгон байгаль зэрэг нь намайг гайхширууллаа. Монгол морь харах нь сэтгэл догдлом байсан. Өмнө нь би улс орнуудын уламжлалт бөхийн барилдааныг үзэж байсан ч монгол бөхийн барилдаан янзтай байлаа. Мөн монгол үндэсний хувцас хэрэглэл ямар уран хийцтэй, тансаг юм бэ. Энэхүү айлчлал Монгол Улсыг олон улсын хараанд авчирч чадлаа. Ийм сэтгэл татам хүмүүстэй, зүрхэнд хоногшим монгол нутагт олон хүн хүрэлцэн ирээсэй хэмээн хүсэж байна.


Линда Бордони: Пап 86 насандаа Монгол орныг зорьж ирнэ гэдэг бол маш чухал үйл явдал юм

 (Гэгээн Ширээт улсын албан ёсны хэвлэл мэдээллийн газрын Англи хэлний редакцын дарга)


-Намайг Линда Бордони гэдэг. Гэгээн Ширээт Улсын албан ёсны хэвлэл мэдээллийн газраас хүрэлцэн ирсэн. Гэгээн Ширээт Улсын дуу хоолой гэж хэлж болно. Би тус газрын англи хэлний редакцын даргаар ажилладаг. Бид 54 хэлний редакцтай. Монголд хүрэлцэн ирсэн минь нэр төрийн хэрэг юм. Би анх удаагаа танай улсад хүрэлцэн ирээд байна. Папын айлчлалын хүрээнд Монгол Улсын талаар гүн гүнзгий судалсан. Монголын үнэлж баршгүй соёл уламжлал биднийг үнэхээр гайхширууллаа. Би Монгол Улсад дахин аялахаар ирнэ. Африк болон Европоор аялж байсан ч Азид анх удаагаа ирж байна. Пап 86 насандаа Монгол орныг зорьж ирнэ гэдэг бол маш чухал үйл явдал юм. Тэрбээр католик шашин бол энх тайвны илэрхийлэл гэдгийг харуулахаар, мөн шашин хоорондын яриа уулзалтыг хийхээр ирсэн. 

Холбоотой мэдээ