Саран дээр буух Японы анхны төхөөрөмжийг есдүгээр сарын 7-нд хөөргөхөөр товложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-09-04 16:51:34

ТОКИО. /TASS/. “SLIM” гэдэг нэртэй, Саран дээр буух Японы анхны төхөөрөмжийг “H2A” зөөгч пуужингаар есдүгээр сарын 7-нд хөөргөнө гэж “Mitsubishi Heavy Industries” компани мэдээллээ. 


Энэ төхөөрөмжийг орон нутгийн цагаар 08:42 цагт хөөргөхөөр товлосон байна. Хүчтэй салхины улмаас хөөргөх ажиллагаа хэд хэдэн удаа хойшлогдсон тул тус компани Кагошима мужид орших Танегашима сансрын хөлгийн буудал орчмын цаг агаарын нөхцөл байдлыг ажиглаж байгаа ажээ.


2.4 м өндөр, 200 кг жинтэй уг аппарат нь нүүр царай таних системд ашигладагтай ижил технологи ашиглан Сарны тогоо, гадаргууг судлах юм. Мөн Сарны гадаргуугийн чулуулаг дахь төмөр болон бусад элементүүдийн агууламжийг хэмжих тусгай камераар тоноглогджээ. Уг төхөөрөмжөөс хүлээн авсан мэдээллийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ Сар руу хүн илгээх “Artemis” хөтөлбөрт ашиглах аж.


Япон улс “SLIM”-ийг тавдугаар сард Сар руу илгээхээр төлөвлөж байсан боловч хүнд даацын шинэ “Н3” пуужингийн  хөөргөлт амжилтгүй болсон тул хойшлуулсан юм. Хэрэв энэ удаагийн хөөргөлт амжилттай болбол тус улс манай гаргийн дагуул дээр төхөөрөмжөө буулгасан дэлхийн тав дахь орон болно. Өмнө нь ЗХУ, АНУ, Хятад, Энэтхэг улсууд Саран дээр аппаратаа амжилттай газардуулсан билээ.


Холбоотой мэдээ