Хятадад болох Азийн наадамд Орос, Беларусийн тамирчид оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН. /VOA/. Энэ сард Хятадад болох Азийн наадамд Орос, Беларусийн тамирчид оролцохгүй бөгөөд уг наадамд эдгээр улсын тамирчид оролцох нь зохимжгүй гэж Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ үзжээ.
Азийн наадам Хятадын Ханжоу хотноо есдүгээр сарын 23-нд эхэлж, 10 дугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ.
2022 оны хоёрдугаар сард ОХУ Украинд довтолсны дараа дээрх хоёр улсын тамирчдыг спортын олон арга хэмжээнд оролцохыг хориглосон боловч зарим тамирчныг тодорхой хязгаарлалттайгаар оролцуулж байсан юм.
ОУОХ Орос, Беларусийн тамирчдыг 2024 оны Парисын Олимпын наадамд “төвийг сахисан статустайгаар” оролцуулах боломжийг судлах шаардлагатай гэж энэ оны эхээр мэдэгдэж байсан билээ.
Азийн Олимпын Зөвлөлийн Ерөнхий Ассамблей хоёр улсын 500-гаас илүүгүй тамирчныг олимпын эрх олгох тэмцээнд оролцуулахыг өнгөрсөн долоодугаар сард Бангкок хотноо болсон хурлын үеэр дэмжжээ.
Гэсэн хэдий ч ОУОХ-ны төлөөлөгч ням гарагт мэдэгдэхдээ, "Орос, Беларусийн паспорттой тамирчдыг 2023 оны Азийн наадамд оролцуулах эсэхийг 2022 оны 12 дугаар сард болсон Олимпын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн боловч техникийн шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болсон" гэсэн байна.