ДОРНОГОВЬ: Япон хэлийг сургалтдаа нэвтрүүлсэн тавдугаар сургууль

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-05 15:05:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын зарим онцлог зүйлээс цувралаар хүргэж байна.


Сайншанд хотын ерөнхий боловсролын тавдугаар сургууль 5-11 дүгээр анги хүртэл япон хэлний сургалтыг хичээл сургалтдаа явуулдаг бөгөөд Дорноговь аймаг Японы Шизүока мужийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон хүүхдүүд говь нутагт зочлохдоо тус сургуулиар орж хүүхдүүдтэй танилцаж нэгнээсээ суралцдаг аж.


Мөн монгол хэл уран бичлэгийн сургалт, улс болоод аймгийн бүсийн уралдаанд тогтмол амжилттай оролцдог монгол ардын хөгжмийн “Болор эгшиглэн” хамтлаг, “Хутагтын дэг” бүжгийн хамтлаг амжилттай хичээллэдэг. Хүүхдийн оролцоог дэмжсэн олон төрлийн дугуйлан секцүүд хичээллэхээс гадна хичээл төрлийн олимпиадад аймагтаа сүүлийн жилүүдэд тогтмол гуравдугаар байрт шалгарч байгаа амжилтыг манай сургууль үзүүлээд байна.


Тавдугаар сургуульд эрэлттэй мэргэжлээр Улаанбаатар болон бусад газраас шинэ багш нар шилжин ирж ажиллаж байгаа нь онцлох үйл явдлын нэг болж байна. Энэ хичээлийн жилд Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургууль бага ангийн 17, дунд ангийн 12, ахлах ангийн 10 бүлэг, нийт 39 бүлэгт 1400 орчим сурагч, 90 орчим багш ажилчинтай хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд  тус сургуульд суралцах хүүхдийн тоо эрс нэмэгджээ.

Холбоотой мэдээ