Үнсэлтийн дуулиан: Ж.Хермосо прокурорын байгууллагад гомдол гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-09-07 14:50:08

МАДРИД. /BBC/. Испанийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Женни Хермосо ДАШТ-ий шувтаргын тоглолтын дараа өөрийг нь үнссэн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Луис Рубиалесын эсрэг прокорурын байгууллагад гомдол гаргажээ.


“Женнифер Хермосо та бүхний мэдэж байгаа асуудлаар гомдол гаргасан. Прокурорын газар ойрын хугацаанд уг гомдлыг хянан шийдвэрлэнэ” гэж Үндэсний шүүхийн Прокурорын алба мэдээлсэн байна. Наймдугаар сарын сүүлчээр Прокурорын газар Л.Рубиалес бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй талаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн боловч хэрэг үүсгэхийн тулд тамирчнаас өөрөөс нь мэдүүлэг авах шаардлагатай болжээ.


“Бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамттай холбоотой хэрэг үүсгэхийн тулд хохирогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч гомдол гаргах, эсвэл прокурорт хандах шаардлагатай” гэж прокурорууд мэдэгдсэн байна. Харин Ж.Хермосог энэ долоо хоногийн мягмар гарагт өргөдөл гаргасан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэв хөлбөмбөгчин гомдол гаргахаас татгалзвал хэргийг хаах магадлал өндөр гэж “El Pais” сонины эх сурвалжууд мэдээлж байжээ.


Өнгөрсөн долоо хоногт Испанийн Спортын захиргааны шүүх Л.Рубиалесийн үйлдлийг “ноцтой зөрчил” гэж тодорхойлсон боловч Хөлбөмбөгийн холбооны тэргүүнийг шууд түдгэлзүүлэхээр “маш ноцтой зөрчил” гэж дүгнээгүй аж. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Л.Рубиалесийг гурван сарын турш хөлбөмбөгийн үйл ажиллагаанаас түдгэлзүүлжээ.


Л.Рубиалесыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр буруутгаж магадгүй бөгөөд 4 хүртэлх жилийн хорих ял авч магадгүй байна. Гэсэн хэдий ч түүний хувьд албан тушаалаасаа огцрохоос татгалзаж, шүүхээр өөрийгөө хамгаалах бодолтой байгаагаа илэрхийлж байгаа юм. Тэрбээр ДАШТ-ий шувтаргын тоглолтын дараа харилцан тохиролцсоны үндсэн дээр тамирчныг үнссэн гэж хэлж байгаа боловч Ж.Хермосо үүнийг үгүйсгэжээ. 



Холбоотой мэдээ