Германы сагсанбөмбөгчид түүхэндээ анх удаа ДАШТ-ий финалд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-09-09 09:18:35

МАНИЛА. /DW/. Германы сагсан бөмбөгийн шигшээ баг АНУ-ын багийг 113:111 онооны харьцаагаар хожиж, түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) финалд шалгарлаа. Өмнө нь Германы сагсанбөмбөгчид 2002 оны тэмцээнд гуравдугаар байр эзэлж байсан юм. 


Филиппиний нийслэл Манила хотод болсон тоглолтын хамгийн шилдэг тоглогч нь 24 оноо авсан Германы хамгаалагч Андреас Обст байлаа. Америкийн шигшээ багаас хамгаалагч Энтони Эдвардс шилдэг нь болжээ. Тэрбээр багтаа 23 оноо авчирч, найман удаа самбараас бөмбөг авсан байна. 


Шувтаргын тоглолтод Германы шигшээ баг Сербийн багтай тоглоно. Сербүүд хагас шигшээ тоглолтод Канадын багийг (95:86) хожсон юм. Шигшээ болон гуравдугаар байрын төлөөх тоглолт есдүгээр сарын 10-ны ням гарагт болно.


ДАШТ-д оролцож буй Германы шигшээ багт Деннис Шрөдер (Лос-Анжелес Лейкерс), Даниэл Тейс (Индиана), Франц Вагнер, Мориц Вагнер (хоёул Орландо) гэсэн  Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) дөрвөн тоглогч багтжээ. АНУ-ын багийн хувьд бүхэлдээ NBA-гийн тоглогчдоос бүрддэг бөгөөд ахлах дасгалжуулагч нь NBA-ийн дөрвөн удаагийн аварга Стив Керр юм.

Холбоотой мэдээ