Япон соёлын наадам-2023
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Лэтс Трэвел” ХХК хамтран есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд "Япон соёлын наадам-2023" арга хэмжээг зохион байгуулж байна.
Уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмыг нээж Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайд Х.Кобаяши, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын дарга И.Баатархүү нар үг хэлж, япон соёлыг сурталчилж буй наадмын үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.
Энэхүү наадмын үеэр Японы үндэсний хөгжмийн тоглолт, косплэйн болон япон дууны тэмцээн, бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, залуучуудад зориулсан японы боловсролын мэдээллийн яармаг, япон хоолны амталгаа, хөгжөөнт тоглоом, аялал жуулчлалын мэдээлэл зэрэг төрөл бүрийн арга хэмжээнүүд өргөнөөр зохион байгуулагдаж байна.
Гэрэл зургийг Т.Чимгээ