Орос, Монголын худалдааны эргэлт дунд хугацаанд таван тэрбум долларт хүрэх боломжтой гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВЛАДИВОСТОК. /TASS/. Орос, Монголын худалдааны эргэлт дунд хугацаанд таван тэрбум ам.долларт хүрч өсөх боломжтой гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгч Максим Васильев мэдэгдлээ.
Энэ талаар М.Васильев Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан “Орос-Монголын бизнесийн яриа
хэлэлцээ” хуралдааны үеэр өнөөдөр мэдэгдсэн байна.
"2019 оны есдүгээр сард Улаанбаатарт ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газрыг нээхдээ Орос, Монголын худалдааны эргэлтийг хоёр тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, энэ зорилтыг 2021 онд амжилттай хэрэгжүүлсэн. Өнгөрсөн оны тавдугаар сард 5 тэрбум ам.долларт хүргэх шинэ зорилт дэвшүүлсэн бөгөөд миний бодлоор энэ бол дунд хугацаанд хүрэх боломжтой үзүүлэлт юм" гэж тэрбээр хэллээ.
М.Васильев хэлэхдээ, худалдааг тэнцвэржүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтарсан томоохон төслүүд хэрэгжүүлэх, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллагаа, ашигт малтмалын орд газрыг хамтран хайх, ашиглах замаар хоёр орны худалдааны эргэлтийг ийм хэмжээнд хүргэх боломжтой гэв.
2022 онд Орос, Монголын худалдааны хэмжээ 2.7 тэрбум ам.долларт хүрсэн нь хоёр улсын түүхэн дээд амжилт боллоо гэж Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатар энэ оны эхэнд мэдэгдсэн билээ.
Дорнын эдийн засгийн VIII чуулга уулзалт ням гарагт Владивосток хотноо “Хамтын ажиллагаа, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө” уриан дор эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.