“Amazing Mongolia” гэрэл зургийн үзэсгэлэнг Словак улсын Кошице хотод дэлгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-17 16:10:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Словак улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн бүтээлээр "Amazing Mongolia” гэрэл зургийн үзэсгэлэнг Словак улсын Кошице хотын Зүүн Словакийн музейд 2023 оны 9 дүгээр сарын 16-нд нээв.

 

Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас Словак улсад суугаа Элчин сайд Д.Гансүх, Музейн захирал Доминик Береш, Өргөмжит консул Петр Славик нар үг хэллээ.

Нээлтийн ёслолд Словак улсын Гадаад болон Европын асуудал эрхэлсэн яамны Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудын газрын захирал Марек Реповски, Кошице хотын засаг захиргаа, урлаг, соёл, бизнесийн байгууллага, Монголд аж төрж байсан словакчууд, тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэд оролцов.

 

Энэхүү үзэсгэлэнг Словак улсад суугаа Монгол Улсын ЭСЯ Кошице хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газартай хамтран гаргаж байгаа юм. Үзэсгэлэн 9 дүгээр сарын 27-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байх юм.

 

Кошице нь Европын соёлын хотоор шалгарч байсан, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэлтэй хэд хэдэн өвтэй, 730-аад жилийн түүхтэй эртний хот бол Зүүн Словакийн музей нь 150 гаруй жилийн өмнө байгуулагджээ.

Үзэсгэлэнг дагалдуулан монгол гэр барьж, нээлтэд Монголд зочлох жилийн ил захидал, сэтгүүлийг олны хүртээл болгохын зэрэгцээ морин хуурын аялгуу эгшгээр ирсэн зочдын сонорыг мялаав гэж Прага дахь ЭСЯ мэдээллээ.

 


Холбоотой мэдээ