С.Золжаргал: Кубатай эрүүл мэнд, биотехнологийн салбарын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Нью-Йорк /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудесийн урилгаар энэ сарын 15-16-ны өдрүүдэд БНКУ-ын Хавана хотноо болсон Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцсон юм. Энэ үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргалтай ярилцлаа.
-Та Куба Улсад эх орноо төлөөлөхөөр ирээд удаагүй байна. Элчингээр томилогдож ирснээсээ хойш ямар ажил амжуулав?
-Намайг Элчин сайдаар томилсон Ерөнхийлөгчийн зарлиг энэ оны долдугаар сарын 7-нд гарч, түүнээс гурав хоногийн дараа буюу Төрийн далбааны өдөр Ерөнхийлөгчөөс Итгэмжлэх жуух бичгээ гардаж авсан. Бэлтгэл ажлаа хангаад наймдугаар сарын 9-нд Хавана хотод ирж, үүрэгт ажилдаа орсон. Улмаар наймдугаар сарын 21-нд Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад хэргийн дэд Элио Родригезд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулсан юм. Намайг Кубад ирэхийн өмнө Ерөнхийлөгч Хавана хотноо болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцохоо мэдэгдсэн байсан тул ирэнгүүтээ уулзалтын бэлтгэл хангах, Ерөнхийлөгчийг Кубын удирдлагуудтай уулзуулах чиглэлээр ажилласан. Мөн оюутнуудтайгаа уулзаж танилцаад нөхцөл байдлыг нь сонсоод, нэгэнт Ерөнхийлөгч ирж байгаа юм чинь тэдэнтэй уулзуулъя гэж шийдсэн.
-Куба Улсын Ерөнхийлөгч манай улсын Ерөнхийлөгчид тусгайлан урилга илгээсэн гэж сонссон. Мөн Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Кубын удирдагч асан Раул Кастро Рустай уулзлаа. Албан ёсны айлчлал биш хэдий ч айлчлалын түвшинд айлын талаас анхаарал хандуулав уу хэмээн харж байлаа?
-Кубын тал манай Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж албан ёсны айлчлалын түвшинд хүлээн авлаа гэж хэлж болно. Та анзаарсан бол Раул Кастро гуай цөөхөн орны төрийн тэргүүнийг хүлээж авч уулзсаны нэг нь манай Ерөнхийлөгч байсан. Гол үр дүн мэдээж хоёр орны уламжлалт найрсаг харилцаа улам бэхжиж, дипломат харилцаа тогтоосноос хойш 64 жилийн дараа БНКУ-ын төрийн тэргүүн манай улсад айлчлахаар болж байна. Ерөнхийлөгч Мигель ирэх жил манай улсад айлчилна гэсэн болохоор ойрын ирээдүйд хийх ажил маань айлчлалын бэлтгэлийг хангах юм даа.
-Ерөнхийлөгчийг Кубад ажиллах үеэр оюутны тэтгэлгийг нэг сарын 200 ам.доллар болгосон нь тус улсад сурч байгаа оюутнуудын амьдрах болон сурах нөхцөлийг бүрдүүлсэн явдал боллоо. Монгол оюутнуудын хувьд энэ шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа ярьж байсан?
-Куба Улсад одоогийн байдлаар нийт 11 оюутан суралцаж байгаагаас найм нь анагаах ухааны, хоёр нь эдийн засгийн, нэг нь биохимийн чиглэлээр тус тус суралцаж байна. Оюутнуудтай уулзаж ярилцаж байхад тэтгэлгийн асуудлыг анхнаасаа бүгд ярьж байсан. Бусдаар бол манай оюутнууд амаргүй нөхцөл байдлыг даваад туулчихсан, цоглог, хэрсүү хүүхдүүд байсныг нь хараад үнэхээр бахархал төрсөн.
-Мөн уулзалтын үеэр талууд тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмсэн. Энэ талаар тодруулна уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус улсад ажиллалаа. Энэ үеэрээ Л.Энх-Амгалан сайд Куба Улсын Дээд боловсролын сайд, Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд нартай уулзаж, тус улсын тэтгэлгээр сурч байгаа оюутнуудын тоог нэмж, жил бүр 2 оюутан нэмж сургахаар тогтлоо. Ингэснээр жилд нийт 5 оюутан Кубын тэтгэлгээр сурна гэсэн үг. Манай тал ч ижил тооны куба оюутныг тэтгэлгээр сургах юм.
-Хоёр орны хооронд худалдааны эргэлт ямар түвшинд байна вэ?
-Сүүлийн 5 жил манайхаас Куба руу экспорт хийгдээгүй юм билээ. Харин Кубаас Монгол улс руу 2021 онд 62,5 мянга, 2022 онд 83,34 мянган ам.долларын экспорт хийгдсэн. Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал болон тус улсад тавьсан санхүү, эдийн засгийн хориг мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь тодорхой.
-Куба руу манайхаас жилд хэдэн жуулчин аялдаг вэ. Ямар төрлийн аялал зонхилж байна вэ?
-Жилд манай улсаас 100 гаруй иргэн ирдэг гэсэн статистик үзүүлэлт бий. Гол төлөв аялал жуулчлалын зорилгоор ирдэг юм билээ.
-Куба нь аялагч жуулчдын сэтгэлийг татахаар сайхан орон юм. Хоёр орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж хэр байна вэ?
-Куба Улс нь өөрөө аялагч жуулчдын хувьд ихээхэн сонирхол татахуйц орон юм. Нийгмийн тогтолцооны хувьд, амьдралын хэвшлийн хувьд ганц манай гэлтгүй олон орны иргэдийн сонирхлыг төрүүлж чаддаг улс. Цаг агаарын хувьд халуун, чийглэг, Карибын тэнгис хавийн үзэмж нь ихээхэн үзэсгэлэнтэй. Энэ мэт манайхаас өөр, өвөрмөц байдал нь олон хүний сонирхлыг өдөөдөг гэхэд болно. Одоогоор Кубын эдийн засаг амаргүй байгаа болохоор манайх руу чиглэсэн аялал жуулчлалын тоо нэмэгдэх боломж хязгаарлагдмал байх болов уу. Харин манайхаас Куба руу чиглэсэн жуулчлал улам нэмэгдэх байх.
-Бид Куба Улстай ямар чиглэлээр хамтрах бололцоотой вэ?
-Кубын брэнд гэж хэлж болох эрүүл мэнд, биотехнологи, соёл урлаг, спортын салбарын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий.