Нийтийн тээврийг нийтээрээ сонгон үйлчлүүлдэг болох цаг хэзээ вэ?

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-09-20 16:13:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатарын авто замын түгжрэл "эргэн ирсэн" өдрүүд үргэлжилж байна. Хичээлийн шинэ жилийн үеийн ачаалалтай холбогдуулан замын хөдөлгөөний нягтаршлыг бууруулахын тулд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор ялган 20 хоног түр аргацаасан. Харин одоо нийслэлийн иргэд дахиад л түгжрэл, нийтийн тээвэр, метрогоо эрчимтэй ярьж эхэлж байна.


Жилийн жилд хичээл эхлэхийн өмнөх өдрүүдэд Улаанбаатар хотыг зорин орон нутгаас олноороо ирж, ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Өнгөрсөн жил өдийд автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээ авах үед 7-9 км/цагийн хурдтай байсан замын хөдөлгөөн 15-20 км/цаг болж арай дээрдэн, түгжрэл 38 орчим хувиар буурч байсан тухай холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Энэ аргыг энэ жил ч хэрэгжүүллээ.


Улаанбаатар бол өөрийн чадлаасаа хэд дахин илүү ачаа үүрч байгаа хот. Өргөн уудам газар нутгийнхаа ердөө 0.3 хувьд байршдаг, Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг энэ хотын эмх замбараагүй бөөгнөрөл, алдаа, гажуудлыг суурь үндсээр засаж сайжруулалгүй даамжруулснаас үүдэн өнөөдрийн асуудал дүүрэн, стандарт бус хот бий болсон. Түгжрэл, төвлөрөлд нөлөөлдөг байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх, дагуул хотыг байгуулж хөгжүүлэх замаар Улаанбаатарын ачааллыг бууруулах төсөл хөтөлбөрүүд тоо томшгүй боловч биеллээ олсон нь үгүй. 


Өнөөдрийн байдлаар нийслэлд 685 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Жил бүр тоо нь өсдөг. Нийслэлийн хүн ам жилдээ 80 мянга ба түүнээс дээш тоогоор өсөж, 2030 онд нийслэлийн хүн ам 2 сая, 2040 он гэхэд 2.6 саяд хүрнэ гэсэн тооцоо гараад буй. Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр автомашины тоо ч нэмэгдэж байна. Өнгөрсөн сарын сүүлээр гэхэд нийслэлд орон нутгаас 177,540 тээврийн хэрэгсэл орж ирсэн мэдээлэл байна. Энэ байдлаараа 2025 он гэхэд Улаанбаатар хотод жинхэнэ утгаараа тэг зогсолт болно гэж Жайка олон улсын байгууллагын судалгаанд дурджээ. 


Түгжрэл үүсгэж буй том шалтгаануудын нэг нь хүүхдээ автомашинаар хүргэж өгдөг эцэг эхчүүд хэмээн буруутгадаг. 2021 онд хийсэн судалгаагаар, гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллын бус сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн тоо гарсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийн 64 хувь нь хувийн автомашинаар зорчиж байгаа бол ердөө 24 хувь нь л автобусаар явдаг гэсэн судалгаа гарчээ. Хувийн унаагаар зорчигч иргэдийн 44 хувь нь ажилдаа ирж очих, 35 хувь нь хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх зорилготой замын хөдөлгөөнд оролцдог байна. Хүүхдүүдийг тойргийн сургууль цэцэрлэгт сургах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн хоёр дахь жилдээ мөрдөж байгаа ч түгжрэл шингэрээгүй л байна. Үүн дээр их, дээд сургуулиудыг хотын зах руу нүүлгэх, боловсролын байгууллагуудын чанар хүртээмжийг сайжруулах гэх мэт урт хугацаандаа, бодлогоор шийдэх гарц гаргалгаанууд байгаа ч боловсролын салбарыг бодлого төлөвлөлтөөр өөд татаад түгжрэлийн асуудлыг нимгэлэхийг хүлээхэд дэндүү хол байна.


Тэгвэл түгжрэлийг бууруулах хамгийн зөв шийдэл юу вэ? Үнэндээ метро, агаарын болон усан замын гээд “мөрөөдөөгүй” нийтийн тээврийн үйлчилгээ манайд байхгүй. Хөнгөн галт тэрэгний зураг төслийн сураг гарч, 2024 ондоо багтан эхний шугамыг ашиглалтад оруулах төлөвлөгөө байгаа гэж байсан ч яв цав тодорхой болсон зүйл одоогоор алга л байна. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд метро нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, энэ хүрээнд ажлын хэсэг байгуулан холбогдох судалгаа, ажлуудыг хийж байгаа гэж нийслэлийн удирдлагууд мэдээлсээр буй. Уг нь хөнгөн галт тэрэгтэй болчихвол 12-15 мянган хүн зорчих боломж нээгдэж, хотын түгжрэлээс асар их нимгэлэх боломжтой юм. 


Тиймээс ойрын хугацаанд мөрөөдөлдөө хүрч, хийж хэрэгжүүлж амжихгүйгээс хойш хамгийн богино хугацаанд түгжрэлийг шийдэх, олон нийтийн эрх ашигт нийцэх оновчтой шийдэл бол нийтийн тээврийг хангалттай хэмжээнд сайжруулан хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж буй. Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийхдээ ч энэ тухай дурдсан. Цаашдаа автобусаар зорчигчийн тоог нэмэгдүүлж, иргэд хувийн машинаар зорчих хувь хэмжээг бууруулахын төлөөх бодлого барьж байна гэсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ хангалттай сайжирсан цагт үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй.  


Тэгвэл нийтийн тээврийг нийтээрээ сонгон үйлчлүүлдэг болох цаг хэзээ вэ? Иргэдээ нийтийн тээвэрт татахын тулд юу хийж байна вэ? Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 107 чиглэлд 1048 автобус явж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өгсөн мэдээлэлд, Монгол Улсын стандартаар 12-оос дээш жил явсан автобусыг ашиглахыг хориглосон байдаг ч  2022 оны байдлаар нийт тээврийн хэрэгслийн 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрсэн. Тийм учраас Засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгойлон анхаарч, 810 автобусаар парк шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 60 автобус, 2023 оны нэг, хоёрдугаар сард 224, нийт 284 автобус оруулж ирсэн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр 100 гаруй автобус орж ирээд байгаа гэж дурджээ. Нийт 1220 гаруй автобусаар парк шинэчлэл хийж байгаа бөгөөд өмнө нь ийм хэмжээний шинэчлэл хийж байгаагүй гэж буй юм.  


Хотын хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлтүүдийн нэг болох нийтийн тээврийн хөгжлийн урагшилдаггүй байдалд авто замын сүлжээ муу, хотын төлөвлөлт буруу, хүн амын төвлөрөл хяналтаас гарсан зэрэг түмэн асуудал холбогдоно. Гэвч иргэд энэ шалтгааныг мэддэг байх, ойлгож хүлээн зөвшөөрөх нь чухал биш.  Гагц олон нийтийн эрх ашигт харшлахгүй гарц гаргалгааг олох, зам, дэд бүтцээ сайжруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитой хийж, иргэд тохь тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх эхний алхмаа түргэн хийж өгөхийг л хүлээж байна.


Хяналт нь алдагдсан хот төлөвлөлт, стандарт, дүрэм журамгүй төвлөрөл, өөдөлж өгдөггүй нийтийн тээврийн салбарын өнөөгийн дүр төрхөөс үүдсэн автозамын түгжрэлийг дугаарын зохицуулалт зэрэг захиргааны арга хэмжээгээр аргалж өнгөрдөг байдлыг иргэд цаашид олон удаа тэсэж өнгөрөөхгүй нь лав. 



Холбоотой мэдээ