ХОВД: Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад 9665 хүүхэд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-21 13:12:53

Жаргалант /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд зарим улсад заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн тоо, хамрагдалтын хувь буурч, товлолт  вакцинжуулалтын үйл ажиллагаа зогссоноос шалтгаалан тарилгатай халдварт өвчний гаралт нэмэгдэх болжээ.  Иймээс эрүүл мэндийн байгууллагууд дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлээд байна. 

Тухайлбал, халдварлалтын зэрэг маш өндөртэй улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт Монгол Улсын хэмжээнд 40 гаруй хувьтай үргэлжилж байна.


Харин Ховд аймгийн тухайд уг өвчний эсрэг  дархлаажуулалтад 10 сартайгаас 8 настай 18042 хүүхдийг хамруулах ёстойгоос одоогоор 9665 хүүхэд хамрагдаж, вакцинжуулалт 54 хувьтай явж байна.    


Улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакцины нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд нэлээд олон байгаа учраас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дархлаажуулалтын вакциныг сум, өрхийн эрүүл мэндийн төв, мэргэжлийн байгууллагад хандан хийлгэж, эрсдэлээс сэргийлэхийг эмч нарын зүгээс уриаллаа.  

Баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй дархлаажуулалтад оролцогч эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан "Тарилгатай халдварт өвчин болон дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалт" сэдэвт  хоёр өдрийн сургалт Ховд аймагт болж байна.

Энэ удаагийн сургалт нь аюулгүй дархлаажуулалт, дархлаажуулалтын дараа илэрч болох урвал хүндрэл, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдээлэл түгээж,  эмч мэргэжилтнүүдэд тарилгатай халдварт өвчнөөс сэргийлэхийн ач холбогдлыг таниулан,  мэргэжлийн багийн гишүүдээ чадавхжуулснаараа онцлогтой. 

Сургалтын үйл ажиллагааг ХӨСҮТ болон бусад мэргэжлийн байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцов.  

Холбоотой мэдээ