ХӨВСГӨЛ: "Бидний бахархал" төслийн нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх “Бидний бахархал” төслийн нээлт өнөөдөр Мөрөн хотод боллоо.
Тус төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залууст улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, эх орноо хайрлах, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг ухааруулан таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой юм.
Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны
дарга, бэлтгэл хурандаа Ж.Ванчинсүрэн хэлсэн үгэндээ,
Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хөвсгөл аймаг дахь
салбар холбоо, төрийн цэргийн болон хууль сахиулах, хүүхэд, боловсролын
байгууллагуудтай хамтран тус төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн үндсэн зорилго нь үндэсний үзэл, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл, сэтгэлгээг өсвөр, залуу хойч үедээ олгоход чиглэгдэж байна. Хөвсгөл аймаг дахь салбар холбоо бусад аймгийг ажил үйлсээрээ манлайлан оролцож хоёр удаа тэргүүний салбар холбоогоор шалгарсан гэдгийг онцлоод улам их амжилт гаргаж ажиллахыг хүслээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЦНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Ж.Цогтсугар “Эх оронч үзэл, Монгол эх орон, монгол хүний бахархал” сэдэвт илтгэлээр эх орон маань бидний сэтгэлд уяатай явах шалтгаан, дуудсан цагт эх орондоо зүтгэх цэрэг хүний тангараг нэг насны тангараг болох тухай ахлах ангийн хүүхдүүдэд зориулж сонирхолтой байдлаар танилцууллаа.
Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх Генералуудын гэргий клубийн
удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Малайка, Генералуудын гэргий клубийн гишүүн,
сэтгэл зүйч Д.Оюунномин нар “Монгол бахархал” сэдвээр сэтгэл зүйн хувьд өөртөө
итгэлтэй бахархалт нэгэн болоход бид юуг анхаарах вэ, өөртэйгөө хэрхэн ажиллах
талаар ярилцаж сэтгэл зүйн богино тест ажиллуулав.