Ч:Хүрэлбаатар: Хувийн хэвшилдээ түлхүү анхаарах нь Монгол Улсын хөгжлийг түргэсгэх арга зам юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-09-22 05:01:41

Нью-Йорк /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцлоо. Тус үеэр хөндөгдсөн асуудлууд, тэдгээрийн шийдэл юу байсан талаар түүнтэй ярилцсан юм.

 

-Манай улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт ямар явцтай байна вэ?

-Дэлхийн улс орнуудын хөгжлийг хурдасгахын тулд 2030 он гэхэд хүрэх 17 зорилгыг дэвшүүлсэн. Тэдгээрийн нэг нь далайтай холбоотой бөгөөд манай улстай шууд хамааралтай бус юм. Үлдсэн 16 нь манай улстай шууд хамааралтай. НҮБ-ын түвшинд сая яригдсан гол асуудал бол 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэлхийн улс орнууд хангаж чадахааргүй боллоо гэдгээ ил тод ярьж байна. Нийт биелэлт 15 хувьтай байна. Үүний дотор манай улс ядуурлыг устгасан байх гэсэн үзүүлэлтээрээ ухарсан дүнтэй гарсан.  Ер нь дэлхий нийтэд ажиглагдаж буй үйл явц манай улсад ч мөн адил илэрч байна. Нэгдүгээрт, Ковид-19 цар тахал болон түүний нөлөө юм. Хоёрдугаарт, дайн болон бүсийн нутгийн мөргөлдөөн. Гуравдугаарт, том гүрнүүдийн геополитикийн зөрчилдөөн зэргээс хамаарч Тогтвортой хөгжлийн зорилгыг цаг хугацаанд нь хангах бололцоо хомс болжээ хэмээн дүгнэж байна. Тиймээс НҮБ-ын түвшинд хэрхэн бид Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахын тулд ямар байдлаар хурдасгах вэ гэсэн асуудлыг ярилаа. Түүний дараагаар ямар хэлбэрээр санхүүжилтийг босгох вэ гэсэн асуудлыг ярилцлаа.


-Манай улсын хувьд ядуурал хэдээс хэдэн хувь руу ороод байна гэсэн үг вэ?

-Сүүлийн үед нарийвчилсан судалгаа хийгдээгүй ч ядуурлын түвшин буурсан нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, 28.4 хувьтай байсан. Тэрхүү үзүүлэлтээсээ доошилсон гэдэг нь тодорхой. Үнийн огцом өсөлт, өрхийн орлогын түвшин буурсан зэрэг нөхцөл байдал үүнд нөлөөлсөн. Гэхдээ энэ оны эхний хагас жилийн байдлаар сүүлийн гурван жилд анх удаа өрхийн бодит орлого 1.4 хувиар өссөн гэсэн дүн мэдээ гараад байна. Энэхүү статистикаас харахад, ядуурлын түвшин нэмэгдсэн гэдэг нь тодорхой юм.


-Тэгвэл бидэнд бас онцолмоор ахицтай талууд юу байна вэ?

-Монгол Улсын хувьд нэн тэргүүнд боловсролд илүү анхаарах нь зүйтэй юм гэж үзэж буй. Учир нь нийтийн боловсролын түвшинг нэмэгдүүлж байж, улс орны өмнө үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэнэ. Үүний дараа эрүүл мэндийн асуудал орж байна. Ард иргэдийнхээ эрүүл мэндэд илүүтэй анхаарах, ингэснээр дундаж наслалтыг өсгөх нь чухалд тооцогдож байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хувьд бид үнэлэгдэхүйц явцтай байгаа.


-Олон улсын түвшинд банк, санхүүгийн салбар ямар асуудалтай тулгарч байна вэ. Тэдгээр асуудлыг гарц шийдлийн талаар хэрхэн авч үзэж байна вэ?

-Улс орон бүрд гурван минутын хугацаа олгосон. Тэр хугацаандаа багтаж өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа ярилаа. Олон улсын банк, санхүүгийн байгууллагын схем чинь болж өгөхгүй байна гэсэн асуудлыг ярьж байна. Үүнтэй холбогдуулж Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагууд байр сууриа илэрхийллээ. Хамгийн гол нь эдгээр байгууллагууд дэлхийн улс орнуудад олгодог санхүүжилтийнхээ хэмжээг нэмэгдүүлээч гэсэн хүсэлтийг тавьж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден хэлсэн үгэндээ Дэлхийн банкаар дамжуулж бид нар санхүүжилтийг олгоно. АНУ дангаараа 25 тэрбум ам.доллар олгоно гэдгээ хэллээ. Мөн бусад орнууд санхүүжилтийнхээ хэмжээг нэмэх нь зүйтэй хэмээн уриаллаа. Энэ нь үндсэндээ Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хоцрогдонгуй яваа орнуудад онцгой анхаарч, санхүүжилтийн хэмжээг нэмэх шаардлагатай гэсэн үг. Тэдгээр орнуудад илүү анхаарахгүй бол хөгжлийн хувьд давуу бус байдалтай байгаад байгаа юм.


-Дээрх хуралдааны үеэр улс орнуудын санаа авахуйц ямар туршлага яригдав?

-Бүх ажлыг зээлээр хөдөлгөнө эсвэл бүгдийг төр хариуцна гэдэг буруу ойлголт юм. Тэгэхээр хувийн хэвшлийг хэрхэн татан оролцуулах вэ, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар хөгжлийг хэрхэн түргэсгэх вэ гэсэн асуудал их чухалд тооцогдож байсан. Дараагийн нэг асуудал бол зээлжих зэрэглэл. Зээлжих зэрэглэл сайжирна гэдгийг зээл авахад хэрэгтэй үзүүлэлт гэж ойлгоод байдаг шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн бодлогыг зөв болгох, үндсэн үзүүлэлтүүдийг нь хангаж ажиллавал Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирна. Энэ нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд эргээд мөнгөө олж авч чадах нь болов уу гэдгээ харж байгаа гол үзүүлэлт юм шүү дээ. Бид хөрөнгө оруулалт татахгүйгээр хөгжиж болно, хөгжихдөө илүү удаан хөгжинө. Тиймээс илүү хурдацтай хөгжих үү эсвэл аажуухан хөгжих замыг сонгох уу гэсэн сонголтыг хийх болох нь. Тиймээс хүлээгээд байж байх шаардлага бидэнд байхгүй.


-Өнөөгийн нөхцөлд улс орнууд бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотой зээл авах эх үүсвэр хомс болсон. Цаашид Монгол Улс хөгжлийн төлөөх санхүүжилтээ хэрхэн тодорхойлж байна вэ. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас ямар байдлаар санхүүжилт татах бололцоо байна вэ?

-Бүх улс орон инфляцтайгаа тэмцэх гээд бодлогын хүүгээ өсгөчихлөө. Бодлогын хүү өснө гэдэг мөнгө үнэтэй болж байна гэсэн үг. Үүнийгээ дагаад Монгол Улс гаднаас мөнгө авлаа гэхэд хүү өндөртэй байх нь. Улс орнууд бодлогын хүүгээ өсгөөд байхад манай улс буулгаж болохгүй. Буулгавал төгрөг цаас болох зам руугаа явна. Тэгэхээр дагаад өсгөх юм уу эсвэл байгаа байранд нь байлгах шаардлагатай. Өндөр хүүтэй үед зээл авна гэдэг сайн гарц биш. Тэгэхээр яах аргагүй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо. Хоёрдугаарт төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийх ажлуудыг урагшлуулахад бодлого тодорхой байх ёстой. Тиймээс хувийн хэвшилдээ илүү анхаарал тавих нь Монгол Улсын хөгжлийг түргэсгэх арга зам байна гэдгээ хэлсэн. Түүнчлэн хөгжлийн түншүүд болох олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Засгийн газарт биш, манай хувийн хэвшлийнхэнд зээл олгох хэрэгтэй. Тэр тусмаа зээлийнхээ хэмжээг нэмэх шаардлагатай гэсэн саналыг тавилаа.



Холбоотой мэдээ