Монгол, Словений хооронд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-09-22 09:34:44

Нью-Йорк /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 21-нд Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Мусартай уулзлаа. Талууд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн олон талт хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд илгээх цэргийн баг бүрэлдэхүүний чадавхыг бэхжүүлэх, эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтрах талаар ярилцав.


Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд 20 гаруй мянган цэргийн алба хаагчаа илгээсний 900 гаруй нь эмэгтэйчүүд юм. НҮБ-ын цэрэг хандивлагч орнуудын дунд энхийг сахиулагч эмэгтэйчүүдийнхээ тоогоор 20 дугаарт эрэмбэлэгддэг.  Эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог 15 хувьд хүргэх НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын уриалгыг Монгол Улс дэмжиж,  2027 он гэхэд цэргийн багийн бие бүрэлдэхүүний 15, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлэх юм.


Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг энэ жил хамтран тэмдэглэж байна.

Холбоотой мэдээ