ТӨВ: Аймгийн Цагдаагийн байгууллагын 80 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Цагдаагийн
байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ой өнөөдөр тохиож, Монгол туургатан театрт баярын хурлаа зохион
байгуулж байна.
Анх Дотоод явдлын сайдын 1943 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 185 дугаар тушаалаар Төв аймгийн дотоодыг хамгаалах хэлтсийн харьяанд Цагдан сэргийлэх ангийг 1 төлөөлөгч, 2 цагдаагийн орон тоотойгоор байгуулан ажиллуулж байв.
Түүнчлэн цагдан сэргийлэх ангийн анхны контор буюу төлөөлөгч, байлдагч нарын суух гурван гэрийг Төв аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн гэр контортой эгнүүлэн барьж, үүрэг гүйцэтгэж эхэлснээр өнөөдрийн Төв аймгийн Цагдаагийн газрын суурь тавигджээ.
Анх гурван гэртэйгээр байгуулж
байсан Төв аймгийн Цагдаагийн газар бүтэц, орон тоо, үйл ажиллагааны хувьд
өргөжин тэлж, удирдлагын менежмент, техник технологийн хувьд орчин цагтай хөл
нийлүүлэн чадавхжиж, 200 гаруй албан хаагч, нэг хэлтэс, найман тасаг, зургаан
хэсэгтэйгээр Зуунмод хот болон 27 суманд хууль сахиулах үүрэг гүйцэтгэж
байна.