“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл Архангайд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-19 14:27:06

БСШУЯ, БОНХАЖЯ, Швейцарийн хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Упсала Их сургуул, Боловсролын олон улсын хамтын ажиллагааны хүрээлэн хамтран манай улсад хэрэгжүүлж байна. Тус төслийг Архангай аймагт хэрэгжүүлэх санамж бичигт тус төслийн захирал А.Амгалан, аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа нар гарын үсэг зурлаа.

Төслийн эхний үе шат 2015-2017 оны бөгөөд тогтвортой хөгжлийн боловсролыг Монгол Улсын ЕБС-ийн системд нэвтрүүлж, тогтвортой хөгжил ба ногоон хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой юм. Төсөл сурагчид, багш нар, эцэг эхчүүд, олон нийт, их дээд сургуулиуд, төр болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил гээд нийгмийн бүхий л салбар, давхаргыг хамарна.

Тогтвортой хөгжлийн боловсрол нь одоо болон ирээдүй үеийнхээ төлөө байгаль орчинд хор хөнөөл багатай, ногоон эдийн засагт баримжаалсан, шударга нийгмийг байгуулахад чиглэсэн шийдвэр гаргаж, үйлдэл хийж сурахад шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага, үнэт зүйлийг хүн бүрт бий болгохыг зорьдог байна.

Монгол Улс ч тогтвортой хөгжлөөр замнах бодлого, зорилтоо тодорхойлон хэрэгжүүлсээр байна. 2008 онд боловсруулсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилт дуусч, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг УИХ-аар батлан 2016 оноос хэрэгжүүлж эхлээд байна.

Архангай аймаг Л.Булган

 

 

Холбоотой мэдээ