ДОРНОГОВЬ: Хавирга хадах мэс заслыг орон нутагт анх удаа хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг өөрийн хөрөнгө оруулалтаар хавирга хадах мэс заслын багажтай болжээ.
Мэс засал, гэмтлийн тасгийн эрхлэгч Х.Эрдэнэбулган ахлагчтай гэмтлийн эмч Б.Гүндцамба, эмч Д.Гантулга, унтуулгын эмч Б.Давааням, унтуулгын сувилагч Т.Нэргүй, мэс заслын сувилагч Ч.Батчимэг үйлчлэгч Ж.Алтанцэцэг нарын мэс заслын хамт олон цээжний олон хавирганы зөрүүтэй хугарал, цээжний хөндийд шингэн хуралттай, цээжний хэнхэрцгийн хэлбэр алдалт оноштой үйлчлүүлэгчид хавирга хадах, эгэм хадах мэс заслыг орон нутагт анх удаа амжилттай хийжээ.
Энэхүү мэс засал нь хөдөө орон нутагт
нутагшсанаар мэс засал гэмтлийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэгээр
нэмэгдэж, эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй орон нутагтаа авах цаашлаад эмч
нарын мэдлэг, чадварыг дээшлүүлсэн, өндөр өртөгт тусламж үйлчилгээг нэвтрүүлж
байгаа зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгээс
мэдээлэв.
Ташрамд дурдахад, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасагт жилд 1800 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдгээс 1300 гаруй
мэс засал, гэмтэл, чих хамар хоолой, нүдний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.