Сенатын боловсруулсан түр хугацааны төсвийг Төлөөлөгчдийн танхим хэлэлцэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-28 10:26:39

ВАШИНГТОН. /The Hill/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти Сенатын гишүүдийн боловсруулсан түр хугацааны төсвийн төслөөр санал хураалт явуулах бодолгүй байгаагаа мэдэгдэв. Конгрессын гишүүн Роберт Гүүд энэ тухай “The Hill” сонинд ярьжээ.


Тэрбээр өмнө нь лхагва гарагт АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдийн уулзалтад оролцжээ. Хаалттай уулзалтын үеэр Маккарти намын гишүүддээ үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн байна.


“The Hill” сонинд бичсэнээр, Маккарти Бүгд найрамдах намынхны боловсруулсан төслийг баасан гарагт Төлөөлөгчдийн танхимд өргөн барихаар зэхэж байна. Гэсэн хэдий ч энэ төсөл нь Сенатын танхимд "унана" гэж тус хэвлэлд бичжээ. 


Сенатын танхим өмнө нь Засгийн газрыг 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл санхүүжүүлэх түр хугацааны төсвийн төслийг өргөн мэдүүлэх эсэх асуудлаар санал хураалтыг мягмар гарагт явуулсан байна. 


Сенатын танхим дахь Ардчилсан намын олонхын бүлгийн дарга Чак Шумер уг төсвийн тухайд хэлэхдээ, засгийн газрын үйл ажиллагаа зогсохоос сэргийлж, урт хугацааны санхүүжилтийн шийдлийг хэлэлцэхэд хууль тогтоогчдод хугацаа олгох "гарц" гэж тодорхойлжээ. Тэрбээр энэ төсөвт "хоёр талын хүссэн бүхнийг тусгаагүй" гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд "засгийн газрын үйл ажиллагаа зогсохоос зайлсхийхэд Конгресст тусална" гэдгийг мэдэгдсэн байна. Тухайлбал, уг хуулийн төсөлд "Украины нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахад" Пентагоноос 4.5 тэрбум доллар олгохоор тусгасан байна. Мөн Киевт нэмэлт тусламж үзүүлэхийн тулд АНУ-ын Төрийн Департаментаар дамжуулан олгох 1.65 тэрбум долларын санхүүжилтийг тусгажээ. 


Төрийн байгууллагуудын ажлыг зогсоохгүйн тулд хууль тогтоогчид 10 дугаар сарын 1-нд эхлэх дараачийн санхүүгийн жилийн төсвийн тухай хуулийг 10 дугаар сарын 1-ний шөнө дундаас өмнө батлах ёстой. Эс бөгөөс АНУ-ын Засгийн газар “шатдаун” буюу түр зогсолт хийхэд хүрнэ.



Холбоотой мэдээ