Дэлхийн зүрхний өдөрт улс орнууд “Зүрхээ таньж, зүрхээ хайрлая” уриан дор нэгдэж байна
ТОЙМУлаанбаатар, 2023 оны
есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/.
Дэлхийн
зүрхний өдөрт
Өнөөдөр Дэлхийн
зүрхний өдөр. Энэ өдөр хүн бүрт зүрх судасны эрүүл мэнддээ анхаарах
хэрэгтэйг сануулах, анхааруулга өгөх зорилготой өдөр юм.
Монголын зүрх судасны
эмч нарын нийгэмлэг 2016 онд Дэлхийн зүрхний холбооны гишүүн улсаар элсэн
орсон. Улсын гуравдугаар төв
эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв, Люкембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын
дэмжлэгтэйгээр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр төвлөрөн хэрэгжиж буй төслүүд
болон Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг хамтран 5 дахь жилдээ Дэлхийн зүрхний өдрийг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Дэлхийн улс орнууд
зүрхний өдрийг 2000 оноос эхлэн олон нийтийн зүрх судасны эрүүл мэндийн
боловсролыг сайжруулах, олон улсад зүрх судасны өвчинтэй тэмцэх хөдөлгөөнүүдийг
идэвхижүүлэх зорилгоор тэмдэглэж эхэлсэн байна. Энэ жил дэлхийн улс орнууд “Зүрхээ
таньж, зүрхээ хайрлая” уриан дор нэгдэж, дэлхийн зүрхний федерациас санаачилсан
чиглэлийн дагуу барилга талбайн гэрэлтүүлгийг улаан өнгөөр гэрэлтүүлж зүрх
судасны эрүүл мэнддээ анхаараарай гэсэн сануулга, дохио өгөх, зүрхээ хайрлах
хамгаалах аргыг зааж өгөх үйл ажиллагааг зохион байгуулахыг уриалсан. Энэ өдөр дэлхийн бүх иргэд өдөр тутамдаа
хийдэг зүйлсээсээ түр амсхийж өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ зүрх судасны
эрүүл мэндэд анхаарч санаа тавих, зүрхээ эрүүл байлгахын төлөө ямар алхам хийх
хэрэгтэйг сануулж, илүү ухаалаг сонголтууд хийж хайртай хүмүүстэйгээ урт удаан, илүү аз
жаргалтай амьдрахыг уриалдаг өдөр юм.
Монгол Улсад зүрх судасны өвчлөлийн шалтгаант нас баралт оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, тусламж үйлчигээний чанар, хүртээмж нэмэгдэж, мэргэжилтнүүдийн чадавхи сайжирсаар байгаа. Гэсэн хэдий ч өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол, тодорхой давтамжтайгаар зохион байгуулах хэрэгцээ шаардлагатай байгааг харуулж байгаа хэрэг юм.
Манай улсын хувьд
зүрх судасны нийт өвчлөлийн талаас илүү хувийг артерийн даралт ихсэх
өвчин эзэлдэг байна. Тиймээс энэ өвчнөөр өвдөхөөс урьдчилан сэргийлэх,
хяналтыг сайжруулж хүндрэлээс сэргийлэх талаар ард иргэдийн мэдлэгийг
сайжруулах, мэдээллээр тогтмол хангахад голлон анхаарч байна.
Артерийн даралт ихсэх өвчин нь ихээхэн хэмжээний хохирол учруулах хүртлээ өөрт мэдэгдэх зовуурь, шинж тэмдэг төдийлөн тод илэрдэггүй, зарим хүмүүст огт мэдэгддэггүй тул "чимээгүй алуурчин" гэж нэрлэгдсээр ирсэн байдаг.
Артерийн даралт гэдэг
нь артерийн судсан дотуур урсаж байгаа цусны судасны хананд үзүүлж буй даралтыг
хэлдэг бөгөөд хэвийн түвшин нь 120/80 мм муб байдаг аж. Артерийн дээд даралт
тогтмол 120 мм муб-аас өндөр, эсвэл доод даралт 80 мм муб-аас өндөр байдаг бол
түүнийг артерийн даралт ихсэх өвчин гэж оношилдог. Даралт ихэссэн үед өөрт
төдийлөн мэдэгддэггүй учраас 18 наснаас дээш буюу насанд хүрсэн хүн бүр
даралтаа хэмжиж, тэмдэглэж, хянаж байх нь тухайн өвчнийг эрт үед нь оношлон
эмчлэхэд хамгийн чухал үүрэгтэй гэдэг. Харамсалтай нь артерийн даралт ихсэх өвчин нь ихэнхдээ бай
эрхтэний гэмтэл, хүндрэл илрэх үед оношлогдож байна. Бай эрхтэн гэдэг нь хүний
биеийн хамгийн нарийн артерийн судаснуудтай эрхтнүүд болох нүд, тархи, зүрх,
бөөр бөгөөд даралт тогтмол өндөр байсны улмаас гэмтэж, цаашлаад эргэшгүй
өөрчлөлтөд орсон байдаг нь зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг амь
насанд аюул учруулдаг өвчин юм байна.
2020 онд Улаанбаатар
хотын иргэдэд хийсэн судалгаагаар, иргэдийн 23.6 хувь нь артерийн даралт ихсэх
өвчинтэй, тэдгээрийн 30 хувь нь
өөрийгөө даралт ихсэх өвчинтэйг мэддэггүй. Даралт ихсэх өвчинтэйг мэддэг хүмүүсийн
56.8 хувь нь даралт бууруулах эм уудаг. Эм уудаг хүмүүсийн 32 хувь нь л
хяналтанд байдаг гэсэн тоо гарчээ.
Артерийн даралт ихсэх
өвчинтэйг мэдэхгүй, эсвэл мэдсэн ч өөрт тохиолдож болох эрсдэл хүндрэлийн
талаар мэдэхгүйн улмаас хайхардаггүй, бууруулах талаар үйлдэл хийдэггүй, даралт
бууруулах эм уудаг ч хяналтгүй буюу тогтмол уудаггүй, өдөр бүр даралтаа үздэггүй,
өөрт тохирсон эмийг тохиромжтой тунгаар ууж чадахгүй байгаа зэргээс хяналтгүй
артерийн даралт ихсэх өвчин нэмэгдэж хүндрэл үүсч иргэд цэл залуу насандаа ч
амь нас, эрүүл мэндээ алдах хандлага ихэсч байна.
Хяналтгүй артерийн даралт ихсэх өвчин нь хөдөлмөрийн чадвар эрт алдалт, эрт нас баралтад хүргэх голлох шалтгаануудыг нэг бөгөөд алсдаа биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндэд муудах, амьдралын чанарыг буурах, эдийн засагт асар их дарамт учруулахад хүргэдэг. Сайн мэдээ нь артерийн даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой, эмчлэгдэх бүрэн боломжтой өвчин юм. Гагцхүү артерийн даралт ихсэх өвчний шалтгаан, түүнд нөлөөлдөг хүчин зүйлсийг мэдэж, өөрт байгаа эрсдэлт хүчин зүйлс, зан үйлийг илрүүлэн засаж залруулах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, артерийн даралтаа тогтмол үзэх, хянах, өвдсөн бол эмчилгээг тууштай хэрэглэх нь хүн бүрийн насан туршийн үүрэг хариуцлага гэдгийг ойлгох нь чухал.
Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, энэ өвчинтэй тэмцэх нь хүн бүрт хамаатай асуудал. Тиймээс УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төвөөс айл бүр, байгууллага бүр артерийн даралт хэмжих аппараттай болж даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хяналтыг сайжруулан хүндрэлээс сэргийлэхийг уриалжээ.
Түүнчлэн артерийн даралтаа зөв хэмжихэд хүртэл
анхаарах нь чухал байдаг байна. Даралтаа хэмжих үед биеийн байрлал ямар байх,
ямар үед даралт хэмжих зэрэг ойлголтыг хүмүүс авсан байх ёстойгоос гадна, артерийн даралт ихсэх өвчинтэй
хүмүүс эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, биеийн жинг хэвийн хэмжээнд
байлгах, тамхи, архины хэрэглээг бууруулах гэх мэт баримтлах дэглэмдээ онцгой
анхаарахыг онцгойлон зөвлөдөг.
Артерийн даралт ихсэх өвчний талаарх статистик тоо баримт
Халдварт бус өвчин,
осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV
судалгаанаас харвал артерийн даралт ихсэх өвчний тархалт, хот суурин газарт
42.9 хувь, хөдөө орон нутагт 45.9 хувь буюу төдийлөн ялгаатай бус тархалттай
байна. Төв, Хангай, Баруун, Зүүн, Улаанбаатар гэсэн 5 бүсэд адил түвшинд
тархалттай байна. Хүйсээр авч үзвэл Хангай, Төв, Улаанбаатар хотын
эрэгтэйчүүдийн артерийн гипертензийн тархалт эмэгтэйчүүдийнхээс
1.3-1.6 дахин өндөр байна.
Артерийн даралтаа хэмжүүлж хянах тал дээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс бага анхаарал хандуулж байгаа тухай Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаанд дурджээ. Манай улсын 15-69 насны хүн амын 36.4 хувь нь артерийн даралтаа огт хэмжүүлж байгаагүй. Үүний 43.6 хувь нь эрэгтэйчүүд, 29.4 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэж дээрх судалгаанд тэмдэглэсэн байна.
Зүрх, судсаа эрүүл байлгах нь өдөр тутмын энгийн алхмуудаас эхэлдэг.
Амьдралдаа хэрэгжүүлэх амин чухал 8 дадал зуршил:
· Зохистой хоол хүнс хэрэглэх
· Дасгал хөдөлгөөн тогмол хийх
· Бүх төрлийн тамхины хэрэглээ, өртөлтөөс зайлсхийх
· Чанартай унтаж амрах
· Биеийн жинг хэвийн түвшинд хүргэх
· Цусны холестеролыг хэвийн түвшинд хүргэж бууруулах
· Цусны глюкозыг хэвшийн түвшинд хүргэж хянах
· Артерийн даралтаа хянах