Оросын нефтийн экспортын татвар нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-10-01 12:42:21

МОСКВА, 2023 оны аравдугаар сарын 1 /РИА Новости/.  Орос улсаас экспортолж буй газрын тосонд ногдуулах татварын хэмжээг өнөөдрөөс буюу 10 дугаар сарын 1-нээс эхлэн 2,5 доллароор нэмэгдүүлж, тонн тутамд 23,9 долларын татвар ногдуулахаар болсон тухай ОХУ-ын Сангийн яам мэдэгдлээ.


Ингэснээр цайвар өнгийн нефтийн бүтээгдэхүүн ба тос тосолгооны бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээ 0,7 доллароор нэмэгдэж, тонн тутамд 7,1 доллар, бараан өнгийн нефтийн бүтээгдэхүүнийх 2,5 доллароор нэмэгдэж, тонн тутамд 23,9 доллар, шууд нэрэлтийн бензинийх 1,4 доллароор нэмэгдэж тонн тутамд 13,1 доллар болж байна.


Сангийн яамны мэдээллийг үзвэл, 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 14 хүртэлх хугацаанд Urals маркийн газрын тосны дундаж үнэ 77,03 долл/баррель байсан бол Брент маркийнх 88,61 долл/баррель байжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хугацаанд Оросын нефть дунджаар 11,58 долларын хөнгөлөлттэй үнээр борлуулагдаж байв.


ОХУ-ын засгийн газар 9 дүгээр сарын 21-нд бензин ба дизель түлшний экспортыг зогсоосон бөгөөд энэ нь “саарал” экспортыг зогсоох, дотоод зах зээл дэх нийлүүлэлтийг тогтворжуулах зорилготой юм. Гэхдээ уг хязгаарлалт нь Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн орнуудад хамаарахгүй юм. 

Холбоотой мэдээ