Энэтхэгийн ахмад настнуудын тоо 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ, 2023 оны аравдугаар сарын 2 /CNBC/. Энэтхэгийн өндөр настнуудын тоо 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, хүүхдүүдийн тооноос давах төлөвтэй байна гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан тайланд дурджээ.
Тодруулбал, 60 ба түүнээс дээш настай хүмүүсийн тоо 2022 онд 149 сая байсан бол 2050 онд 347 сая болж өсөх ажээ. Мөн 2046 он гэхэд Энэтхэгт ахмад настнуудын тоо 0-14 насны хүүхдүүдийн тооноос давж, 15-59 насны хүмүүсийн тоо буурах хандлагатай байна.
Энэтхэг бол дэлхийн хамгийн олон хүн амтай улс бөгөөд одоогоор энэтхэгчүүдийн 65 хувийг буюу хүн амын хамгийн их хувийг 35-аас доош насны залуучууд эзэлж байгаа юм. Харин НҮБ-ын агентлагийн дэвшүүлсэн таамаглалаар, тус улсын хүн ам 2022-2050 он хүртэл 18 хувиар өсөхийн сацуу ахмад настнуудын тоо 134 хувиар, 80-аас дээш насныхны тоо 279 хувиар өсөх төлөвтэй байна.
2050 он гэхэд Энэтхэгт таван хүн тутмын нэг нь ахмад настан байх болно. Гэхдээ зөвхөн Энэтхэг төдийгүй дэлхийн бусад улс орнууд ч мөн адил насжилтын асуудалтай тулгарна. Тухайлбал, 2050 он гэхэд дэлхийн хэмжээнд 60 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж, 2.1 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
“Ахмад настнуудын тоо, тэдний хүн амд эзлэх хувьтай холбоотой ийм өсөлт дэлхийн бүх бүс нутагт явагдана” гэж Хүн амын сангийн тайланд дурдаад, харин буурай хөгжилтэй бүс нутгуудад ахмад настны хүн амын тоо бага зэрэг нэмэгдэнэ гэдгийг онцлон дурджээ.