Өвөрхангай аймгийн ХАҮТ-ын 15 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-20 01:03:16

Өвөрхангай аймагт Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсч хөгжсөний 15 жилийн ой тохиож байна.

Ойн хүрээнд олон нийт, бизнес эрхлэгчид рүү хандсан үйл ажиллагаануудыг явуулахаар төлөвлөөд байгаа аж. Тодруулбал 9 сарын 22-ны өдөр залуу бизнесмэнүүд болон гарааны бизнесээ эхлэхээр төлөвлөөд буй хүмүүсийг хамруулсан “Startup” сургалтыг зохион байгуулах бол 9 сарын 23-ны өдөр томоохон бизнес эрхлэгч буюу захирлуудын дунд эдийн засгийн хямралтай энэ үед бизнесээ хэрхэн тогтвортой хадгалах, илүү боломжийг яаж бүрдүүлэх талаар сургалт явуулах юм.

Мөн бизнес эрхлэгчдийн дунд зөвлөлдөх уулзалтыг хийж, бизнесийн хөгжлийн талаар хэлэлцэх ба үүнд МҮХАҮТ-ын болон аймгийн удирдлагууд оролцох аж.

Түүнчлэн энэ сарын 22-24-ны өдрүүдэд уламжлал ёсоор “Өвөрхангай-Түншлэл” үзэсгэлэн худалдаа болох бөгөөд энэ удаа өмнөх жилүүдээс өргөн хүрээнд өвөрмөц байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тухайлбал бизнес парад, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, авто машины үзэсгэлэн болохоос гадна уламжлалт арга хэмжээнүүд ч явагдах юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ