ДАРХАН-УУЛ: Мал эмнэлэг, үржлийн албаны 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-04 14:10:51

Дархан, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газраас Монгол Улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тэмдэглэж байна. Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр манай улсад мал эмнэлгийн албаны суурь тавигдсан түүхтэй аж.




Дархан-Уул аймгийн мал эмнэлгийн алба нь Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр 1973 онд Мал эмнэлэг, ариун цэврийн станц нэртэйгээр анх байгуулагдаж 50 жилийн ойтойгоо золгож байна.




Аймгийн хэмжээнд мал эмнэлгийн 12, мал үржлийн таван үйлчилгээний нэгж 1300 гаруй малчин өрхөд үйлчилгээ үзүүлэн, хүн амын хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулан ажиллаж байна.


Түүхэн ойн баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа Залуучууд театрын их танхимд болж салбарынхаа өнгөрсөн, одоог хэлэлцэж ирээдүйн хөгжлийг тухай хэлэлцсэн аж.




МАА-н салбарыг хөгжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, экспортыг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг хангах бодлогын томоохон өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэж буй малын эмч, мал зүйч, мэргэжилтнүүд ойн баярынхаа өдөр төрийн дээд одон медаль, салбарын болон орон нутгийн шагналаар энгэрээ мялаалаа.                                                                                                                            

Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” хөгжлийн цогц бодлогын хүрээнд Дархан-Уул аймаг МАА-н салбарыг эрчимжсэн, хагас эрчимжсэн салбар болгон хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.



Ташрамд, Дархан-Уул аймагт 2018 онд нээлтээ хийсэн Малын удмын сангийн Үндэсний төвийн цогцолбор улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Холбоотой мэдээ