С.Чулуун: Францад гаргах үзэсгэлэнд Европт хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний дурсгалуудыг нэгтгэн үзүүлнэ
ТОЙМУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг БНФУ-ын Нант хотын Бреттанийн Гүнгийн ордон дахь Нантын түүхийн музейд 2023 оны 10 дугаар сарын 14-нд нээх гэж байна. Уг үзэсгэлэнгийн талаар Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуунтай ярилцлаа.
-Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагчдын нэг Чингис хааны тухай үзэсгэлэнг Франц улсад анх удаа гаргах гэж байна. Үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын явц ямар байна вэ?
-Энэ удаагийн үзэсгэлэнг нэлээд хүнд бэрхийг туулж гаргах гэж байна. 2019-2020 онд БНХАУ-тай хамтран гаргах байсан үзэсгэлэн цуцлагдсан. Тухайн үед Соёлын сайд байхдаа Монгол Улс энэхүү үзэсгэлэнг Нант хотод зохион байгуулж болох юм гэсэн анхны саналыг би тавьсан юм. Энэ нь Монголын эзэнт гүрний тухай 2006 онд ХБНГУ-д гарсан үзэсгэлэнгээс хойших хамгийн том үзэсгэлэн болж байна.
-Үзмэрүүд маань хол зам "туулах" нь байна. Монголоос авч явах үзмэр, бүтээлүүдийг хадгалах, зөөх, тээвэрлэх горимыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Тээвэрлэлт, даатгал гээд бүгдийг Олон улсын байгууллагууд гүйцэтгэж байгаа. Монголд археологийн дурсгалуудыг даатгах компани байдаггүй. Тээвэрлэлтийн асуудлыг Францын “Grospiron Fine Art" компани хариуцаж, Монголын талаас “Туушин” компани оролцож байгаа. Сав баглаа боодлыг БНСУ-ын “Dongbu Art" компани хариуцан ажиллаж байна. Одоогоор үзэсгэлэнгийн бүтээлүүд бүрэн хяналтад Францад очсон. Манайхаас хоёр мэргэжилтэн, сан хөмрөгч хяналт тавин ажиллаж байна. Мөн буцаад Монгол руу авчрахад хяналт тавина. Үүнийг хоёр улсын хоорондын гэрээний дагуу албан ёсны зөвшөөрөлтэй хийж байгаа. Харин хосгүй үнэт дурсгал ороогүй.
-Үзэсгэлэн Нант хотод гарна гэсэн. Энэ хотын онцлог, сонгосон шалтгаан юу юм бол?
-Бреттанийн Гүнгийн хот Нант бол Францын үе үеийн язгууртнуудын оршиж байсан газар. Нүүдэлчдийн, ялангуяа Монголын эзэнт улс, Чингис хаантай холбоотой Өвөрмонголын нутгаас олдсон гайхамшигтай дурсгалуудаар Нант хотод тусгайлан үзэсгэлэн гаргахаар зорьсон юм билээ. Үзэсгэлэнд дэлгэх, БНХАУ-ын нутгаас олдсон дурсгалуудын тайлбарт Монгол гэдэг нэрийг тусгахгүй гэсэн оролдлого хийсний улмаас үзэсгэлэнг цуцалсан гэдэг. Нарийн учрыг бид мэдэхгүй. Тус үзэсгэлэн цуцлагдсаны дараа Монгол Улстай хамтарч ажиллах болсон. Монгол Улсын өв соёлыг дэлхий дахинд сурталчлах, танин мэдүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын мөрийн хөтөлбөр, мөн урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" хөтөлбөрт тусгасны дагуу уг үзэсгэлэнгээ гаргахаар болсон юм.
-Энэхүү үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгөөс гадна Франц, Европын томоохон музейн үзмэрүүдээр баяжуулна гэж байсан. Чухам ямар үзмэрүүд багтаж байна вэ?
-Үзэсгэлэнд зөвхөн Франц төдийгүй Европын хэд хэдэн оронд хадгалагдаж буй Монголын эзэнт гүрэнтэй холбоотой дурсгалуудыг мөн дэлгэнэ. Монгол Улсаас Чингис хаан Үндэсний музей хариуцаж хэд хэдэн байгууллагын ховор дурсгалуудыг дэлгэнэ. Үзэсгэлэн гурван үе шаттай.
Эхний хэсэгт Чингис хаанаас өмнөх хүрэл зэвсгийн үеэс Хүннү улс гээд эртний төрт улсууд, хоёр дахь хэсэгт Чингис хаан Монголын эзэнт гүрний үе, гурав дахь хэсэгт Чингисийн угсааныхны түүхийг харуулна.
Энэхүү үзэсгэлэнг гаргаснаар эзэн Чингис хааны болон Монголын эзэнт улсын хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөөг дэлхий дахинд үзүүлэх боломж олгож байгаа юм.
Өөрөөр хэлбэл, монголчууд хүн төрөлхтөнд энх амгаланг хэрхэн тогтоосон, Европ, Ази тивийг яаж холбосон, хүн төрөлхтөнд цэрэг болон бичиг хэргийн урлаг, Ази, Европын эдийн засаг худалдааны солилцоонд ямар үүрэг гүйцэтгэсэн гэдгийг харуулж буй.
-Монголын хэчнээн үзмэр, дурсгалыг дэлгэх вэ. Хамгийн сонирхолтой үзмэрүүдээс онцолбол?
-Нийт 400 гаруй олдвор дурсгал, хувь цуглуулагчийн үзмэрүүд оролцож байгаа. Үзэсгэлэнд Францын Үндэсний архив, Үндэсний номын сан, Димейн музей, Луврын музейд хадгалагдаж байгаа Монголын эзэнт улстай холбоотой дурсгалууд багтсан. Үзэгчдэд сонирхуулахад, Өлзийт, Аргун зэрэг алдарт их хаадын монгол бичгээр бичсэн захидлууд эх хувиараа, Луврын музейд хадгалагдаж байгаа Ил хаантын үеийн гайхамшигтай ваар сав гэхчлэн дурсгалууд, магадгүй найман зууны дараа Монголын эзэнт улсын дурсгалуудыг нэг дор цуглуулж байгаа нь үзэгчдийн хувьд ховор боломж юм.
-Бреттанийн Гүнгийн цайзыг жилд 1.3 сая гаруй үзэгч зорьдог гэсэн. Эл үзэсгэлэнг хэчнээн хүн зорьж үзэх бол гэсэн урьдчилсан тооцоо судалгаа хийсэн л байх даа?
-Нантын музейнхэн хоёр дахин илүү хүн үзэх байх гэж хэлж байгаа. Нант бол Европын голомтод байгаа аялал жуулчлалын бүс юм. Мөн Чингис хаан гэдэг нэр нь өөрөө хүний сонирхлыг ямар ихээр татдаг билээ дээ. 2006 онд Европын Турк, Унгар, Герман зэрэг оронд “Их Монгол” үзэсгэлэн гарсан. Тэгэхэд үзэсгэлэн гарсан хот бүрт тухайн музейн хамгийн дээд амжилт тогтоож байсан. Унгарын үндэсний музейд жишээ нь түүхэндээ хамгийн олон үзэгч үзсэн. Энэ удаад хүлээлт нэлээд өндөр байх болов уу гэж таамаглаж байгаа.
-Үзэсгэлэн хэр удаан үргэлжлэх вэ. Ямар төлбөртэй байх бол?
-2024 оны тавдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ бол арилжааны биш, сурталчилгааны үзэсгэлэн. Монгол Улсыг сурталчилж буй учраас төлбөргүй гэсэн үг.
-Үзэсгэлэнг үргэлжлүүлэн Европын өөр улсад гаргах болов уу?
-Нант хотод гарах үзэсгэлэнг Монгол Улсад ирэх жил гаргахаар төлөвлөж байгаа. Монголд энэхүү үзэсгэлэн гарвал Монголын алдарт Их хаадын захиа, зарлиг бичгүүд найман зууны дараа эх нутагтаа эргэж залрах боломжтой. Түүнчлэн монголчууд Европын улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалуудыг эх нутагтаа үзэх боломж бүрдэх юм. Монгол Улс Чингис хаан Үндэсний музейг байгуулснаар дэлхийн хэмжээнд хамтарсан олон улсын арга хэмжээ зохион байгуулах боломжийг нээж байна. Энэ музейг байгуулахаас өмнө олон улсын стандарт хангасан үзэсгэлэн авах байр Монголд байгаагүй. Харин одоо хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, байршил гээд Чингис хаан Үндэсний музей стандарт шаардлагыг хангаж байгаа. Энэхүү үзэсгэлэн Монголын эзэнт улс, Монголын соёлыг дэлхийд сурталчлах том үүд болно гэж үзэж байгаа. Одоогоор үзэсгэлэн гарч эхлээгүй байхад дөрөв, таван улсаас захиалга ирсэн. Чехийн үндэсний музей, Швейцарын Рийтбергийн музей, Канадын Монреалын музей болон Европын хэд хэдэн орон энэхүү үзэсгэлэнг хүлээж авах боломжтой гэж саналаа ирүүлээд байна. Үүнд Соёлын яам, бусад байгууллага хариуцлагатай хандана гэдэгт итгэлтэй байна.
-Зөвхөн үзэсгэлэн үзүүлээд зогсохгүй, энэ үеэр Монголын соёл урлагийг сурталчилсан өөр ямар хөтөлбөр хэрэгжүүлэх вэ?
-Үзэсгэлэнгийн үеэр эрдэм шинжилгээний хурал хийнэ. Үзэсгэлэнгийн туршид сар бүр соёл урлагаа сурталчилсан үндэсний урлагийн тоглолт, эвент зохион байгуулна. Тухайлбал, Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолт, Монгол киноны өдрүүд, хоолны баяр, жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох юм.
-Эл үзэсгэлэнг зохион байгуулсны ач холбогдлыг хэрхэн үзэж байна вэ?
-Музейн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, дадлыг дээшлүүлнэ. Үзэсгэлэнд оролцож байгаа бүх дурсгалаар франц хэлээр каталог гаргана. Тэгэхээр франц хэлтэй ард түмэнд Монголын түүхийг сурталчлах боломж олдож байна. Каталогийг Монголд хэвлэх эрхийг өгсөн. Монголд мөн гарна.
Монголчууд анх удаагаа ийм цогц үзэсгэлэнг өндөр хөгжилтэй улс оронд гаргаж байна. Монгол, Францын түүх соёлын хувьд, дэлхийд гайхалтай эзэнт гүрэн байгуулж байсан, монголчууд нэгэн цагт Францын Людвигт элч илгээж, Францын уран дархчууд Хархорумд мөнгөн мод туурвиж, Францын алдарт аялагч Вильям Де Рубрук Монголын их хаадтай ирж уулзаж байсан арвин их түүхтэй. Тиймээс эл үзэсгэлэн хоёр орны соёл, шинжлэх ухаан олон харилцааг бэхжүүлэх, Монголыг дэлхий дахинд үнэн зөвөөр таниулахад онцгой үүрэг гүйцэтгэх үзэсгэлэн болно гэж үзэж байна.
Р.Цэцэгбаяр