“Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-06 13:53:12

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ хаврын ээлжит чуулганаараа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Энэ оны долоодугаар сарын 3-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэх харилцааг зохицуулаад буй.


Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж, төрийн албан хаагчийн хүнлэг, энэрэнгүй, үнэнч шударга, хариуцлагатай, хамтач байх, ёс зүйн манлайллыг үлгэрлэх зарчмыг тогтоон, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг УИХ баталж, мөрдүүлэхээр тусгасан. Мөн Ёс зүйн хороо, дэд хорооны бүрэн эрх, ажиллах зарчмаар тодорхойлон хуульчилж, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага, авах арга хэмжээг зааж өгсөн юм.


Хуулийг дагаж мөрдөх, сурталчлах, төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоо бүрдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх хүрээнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос МУИС, ШУА-тай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Ирэх даваа гаригт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд 14 цагт эхлэх хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, доктор Б.Баттөмөр удирдан явуулна. МУИС, ШУА-ийн эрдэмтэн, судлаачид ёс зүй, ёс суртахууны тулгамдсан асуудал, олон улсын туршлагын талаар илтгэл тавьж, хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар оролцогчид нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргана.

Холбоотой мэдээ