Иений ээлжит уналт, Японы мөнгөний бодлого өөрчлөгдөх магадлал
ТОЙМУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Мягмар гарагт болсон Нью-Йоркийн
биржийн арилжааны үеэр америк долларын ханш чангарч, 150 иентэй тэнцсэн нь 1998
оны Азийн их хямралаас хойш болон 2022 оны 10 дугаар сараас хойш үзэгдээгүй
өсөлт байлаа.
Эргэн сануулахад, 1998 онд Зүүн
Ази ба Зүүн Өмнөд Азийн улсуудын хөрөнгийн биржийн голлох индексүүдийн ханш
огцом унасны улмаас олон компани дампуурч байсан билээ. Энэ үед нэг ам.доллар
147 иентэй тэнцэж байв. Нөгөөтэйгүүр, 1997-1998 оны хямрал нь Таиландын
мөнгөний нэгж болох батын ханш огцом унаснаас шалтгаалсан бөгөөд иений энэ
удаагийн уналт нь үүнтэй төстэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй гэсэн
болгоомжлолыг төрүүллээ.
Учир нь, Японы иен бол доллар ба
еврогийн дараа ордог, хамгийн ихээр арилжаалагддаг нөөцийн
валют бөгөөд дэлхий даяарх валютын нөөцийн 5,5 хувийг бүрдүүлдэг. Олон
улсын хөрөнгө оруулагчдын иенээр хийж буй хэлцлийн үнийн дүн нь швейцар франк
ба юаниар хийж буй хэлцлийн дүнгээс даруй 3-4 дахин их байна. Мөн Япон улс 1,2
их наяд доллароор хэмжигдэх валютын нөөцтэй бөгөөд эл үзүүлэлтээр дэлхийд
Хятадын дараа хоёрдугаарт ордог. Нөгөөтэйгүүр, USD/JPY гэсэн валютын хослол нь
EUR/USD-ын дараа ордог хамгийн хөрвөх чадвар сайтай хослол юм.
Ханш суларсны үндсэн шалтгаанууд
Иен суларсаар буйг шинжээчид хэд
хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Юуны түрүүнд мэдээж долларын ханш
чангарсаар байгаа нь хамгийн ихээр нөлөөллөө. Нөгөөтэйгүүр Японд инфляцийн
түвшин “харьцангуй” өндөр байгаа бөгөөд
Төв банк 2 хувьд барихаар төлөвлөсөн боловч бодит байдал дээр 3-3,5 хувьд
хүрээд байна.
Иений ханш суларсаар буйн хамгийн гол шалтгаан нь Японы Төв банк ба АНУ-ын Холбооны нөөцийн сангаас явуулж буй мөнгө-зээлийн бодлого нь эсрэг тэсрэг байгаагаас үүдэлтэй. Тодруулбал, сүүлийн 40 жилд үзэгдээгүй инфляцийг тогтоон барихын тулд Холбооны нөөцийн сангийн удирдлага бодлогын хүүгээ 2001 оноос хойших хамгийн өндөр түвшинд буюу жилийн 5,25–5,5% болгож өсгөсөн төдийгүй оны эцэст 5,6 хувьд хүргэж магадгүй байна.
Гэтэл Японы Төв банкнаас явуулж
буй бодлого нь Америкийн зохицуулагч байгууллагынхаас эрс тэс ялгаатай. Тус
банкнаас тогтоож буй бодлогын хүү 2016 оноос хойш хасах үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ оны хувьд -0,1 % байна. Товчхондоо, Японы Төв банкнаас мөнгөний
тэлэх бодлого баримталж байгаа нь бусад улс орнуудын хумих бодлогоос ялгарч байгаа юм. Түүнчлэн 10 жилийн хугацаатай Японы засгийн газрын үнэт цаасны өгөөж
нь 0,25 хувь орчимд байгаа бөгөөд Япон ба АНУ-ын хувьд уг үзүүлэлтийн зөрүү бүхэл бүтэн 3 пункт болжээ.
Ханшийн сулралаас олох ашиг, хүлээх алдагдал
Үүний сацуу доллартой төдийгүй
Өмнөд Солонгосын вон, Хятадын юаньтай харьцах иений ханш суларсаар байгаа нь
Японы экспортлогч компаниуд гол өрсөлдөгчдөөсөө давуу байдлыг олж авахад нөлөөлж байна. Ерөнхийдөө 1990-ээд оноос хойш Япон улс иений ханшийг сул
байлгах бодлого явуулсаар байгаа нь экспортод чиглэсэн үйлдвэрлэлийн
салбаруудаа дэмжих гэсэн цорын ганц зорилготой юм.
Иен хямдарснаар Японд
үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээ нь гадаадын худалдан авагчдын
хувьд илүү хямд хүртээмжтэй болох учраас Японы экспорт нэмэгдэхэд нөлөөлнө. Түүнээс
гадна, Япон дахь активуудад хөрөнгө оруулалт хийхэд илүү тааламжтай нөхцөл
бүрдэнэ. Нөгөө талаас Японы хэрэглэгчдийн худалдан авдаг импортын барааны үнэ өсөх
магадлал өндөр.
Энэ оны 8 дугаар сарын дундуур иений ханш улам суларсаар 146 иен/доллар болж байлаа. 7 дугаар сарын сүүлчээр Японы Төв банк ханшийг тогтворжуулахаар оролдсон боловч АНУ-ын мөнгөний бодлого чангарсаар байгаа нь иений ханшийн өсөлтийг зогсоосон юм.
Иений уналтаас шалтгаалан Японы
зарим тэргүүлэгч том компаниуд энэ оны 4-6 дугаар сар хүртэлх улиралд 390
тэрбум иений /2.67 тэрбум ам.доллар/ үйл ажиллагааны ашиг олсон байна. Жишээ
нь, автомашин үйлдвэрлэгч Субару компанийн ашиг нь 47 тэрбум иенээр өссөн
байна. Түүнчлэн Toyota Motor, Suzuki Motor зэрэг автомашин үйлдвэрлэгч 7
компани нийлээд ханшийн зөрүүгээс 190 тэрбум иений ашиг олжээ. Иен суларсаар
байгаа нь 6 дугаар сард гадаадын жуулчдын худалдан авалтыг идэвхжүүллээ.
Харин импортын үйл ажиллагаа
эрхэлдэг компаниуд ашиг олоогүй төдийгүй алдагдал хүлээсэн байна. Тухайлбал,
түлш шатахуун ба түүхий эд материалын үнэ өссөний улмаас Nippon Paper
Industries компани багагүй алдагдалд оржээ.
Инфляцийн аюул
Иен ханш унаснаар инфляцийг
хөөргөдөх вий гэсэн болгоомжлол Японы санхүүгийн зохицуулагч байгууллагуудад
бий. Гэхдээ тус улсад инфляц өнгөрсөн оны 5 дугаар сард 2 хувь байсан нь Төв
банкнаас тогтоосон зорилтот түвшин бөгөөд одоогоор 3-3,5 хувьтай
байна. Гэхдээ эл үзүүлэлтийг бусад орнуудынхтай, тухайлбал АНУ-д 8,6%, Туркт 83%-д хүрч байсантай харьцуулахад тун
ялимгүй тоо юм.
Япон ба хөгжингүй улс орнуудад
инфляцийн түвшин ийм их ялгаатай байгаа нь юуны өмнө хүн амын зүйн нөхцөл
байдал буюу насжилттай холбоотой ажээ. Японд 65-аас дээш насны хүмүүсийн нийт
хүн амд эзлэх хувь 29,1-д хүрч хэрэглээ багассанаас гадна ерөнхийдөө япончууд
үрэхээс илүүтэй хадгалж хуримтлуулахыг илүүд үздэг /тэр тусмаа дэлхий даяар
эдийн засгийн байдал ороо бусгаа байгаа үед/ нь инфляц тогтвортой, нам түвшинд
хадгалагдаж буйн нэг гол шалтгаан болой.
Харин түлш шатахуун, хүнс,
цахилгаан эрчим хүчний үнэ огцом хэлбэлзэх аваас Японы эрх баригчид инфляцийн
асуудалд илүү нухацтай хандах болов уу гэж ажиглагчид үзэж байна. Тодруулбал,
эрчим хүчний эх үүсвэрийнхээ 90 орчим хувийг импортолдог тус улсын хувьд нефть,
хий, нүүрсний үнэ нэмэгдэх нь иений ханшид сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Тэгээд
ч Фүкүшимагийн ослын дараа АЦС-уудын ирээдүй тун бүрхэг болоод байгаа билээ.
Гэсэн хэдий ч Японы Төв банк одоогоор валютын захад
интервенц хийх, бодлогын хүүг өсгөх гэх мэт иений уналтын эсрэг хатуу арга
хэмжээнүүдийг авах гэж яарахгүй байна. Ер нь бол ойрын үед Японы мөнгө-зээлийн
хэт зөөлөн бодлогод ямар нэгэн томоохон өөрчлөлт гарахгүй бололтой. Гэхдээ
“сэтгэлзүйд нөлөөлөгч тооны хязгаар” буюу доллар иений харьцаа дахиад
150-аас давсан тохиолдолд интервенц хийх нь гарцаагүй гэж ажиглагчид дүгнэж
байна.
Японы Сангийн сайд Сүзүки Шүничи
мягмар гарагт хэлэхдээ, Засгийн газар валютын зах зээл дэх тогтворгүй байдлыг
анхааралтай ажиглаж, зохих хариу арга хэмжээг авна гэдгийг мэдэгдсэн юм.
2022 онд нэг доллар 150 гаруй иентэй тэнцэж ханш унах үед Японы эрх баригчид 24
жилийн хугацаанд анх удаа валютын интервенц хийж, ханшийг тогтоож байлаа.
Японы Төв банкны бодлого
боловсруулагчдын зүгээс "хэрэв цаашид ханш үргэлжлэн суларсаар байвал
компаниудад үзүүлж буй нөлөөлөл, бизнесийн төлөвлөлтөд учирч буй хүндрэл
зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр мөнгөний бодлогоо өөрчлөх асуудлыг анхааралдаа авна" хэмээн хэдэнтээ мэдэгдсэн юм.
Самурай бонд
Ташрамд дурдахад, иений ханш
суларсан нь манай улсын төлбөрийн чадварт эергээр нөлөөллөө. Учир нь, 2013
онд Хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаатайгаар 10 жилийн
хугацаатай, жилийн 1.5%-ийн хүүтэй 30 тэрбум иений “Самурай" бондыг
Японы зах зээлд гаргасан ба түүний эргэн төлөлтийг ирэх 12 дугаар сарын
25-нд хийх ёстой.
Сангийн сайд Б.Жавхлангийн
ярьснаар, ханш бууж буй үеийг ашиглан 762.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр 30
тэрбум иен худалдан авч, Монголбанкин дахь Төрийн сангийн Хөгжлийн банкны
дансанд хадгалжээ.
Анх гаргаж байх үед "Самурай"
бондын үнийн дүн 285 сая доллартой тэнцэж байсан бол иений ханш тодорхой
хэмжээгээр унаснаас шалтгаалан 225 сая доллар болжээ. Хэдийгээр өнгөрсөн 10
жилийн хугацаанд долларын төгрөгтэй харьцах ханш 2 дахин өссөн боловч 60 сая
долларын зөрүү нь өрийн дарамтыг тодорхой хэмжээгээр багасгана.