ОХУ Абхазад тэнгисийн цэргийн бааз байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2023 оны аравдугаар сарын 6 /Reuters/. Гүржээс салан тусгаарласан Абхазын бүс нутагт Хар тэнгисийн эрэгт тэнгисийн цэргийн байнгын бааз байгуулах гэрээнд ОХУ гарын үсэг зурсан нь Гүржийн талын шүүмжлэлд өртсөн тухай "Известия" сонин мэдээлжээ.
Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаны маргааш Очамчира бүс нутагт тэнгисийн цэргийн байнгын бааз байгуулах гэрээнд гарын үсэг зурсан гэж Оросын дэмжлэгтэй өөрийгөө тунхагласан Абхазийн Ерөнхийлөгч Аслан Бжания пүрэв гарагт уг хэвлэлд мэдэгдсэн байна.
“Удахгүй Очамчирад Оросын Тэнгисийн цэргийн
хүчний байнгын бааз бий болно”
гэж А.Бжания ярьжээ.
“Энэ бүхэн Оросын төдийгүй Абхазын батлан хамгаалах чадавхыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа, цаашид ч энэ төрлийн хамтын ажиллагаа үргэлжилнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
ОХУ 2008 онд Абхазыг болон өөр нэг салан тусгаарласан бүс нутаг болох Өмнөд Осетийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.
Дэлхийн ихэнх улс
Абхазыг Гүржийн нэг хэсэг гэж үздэг. Оросоос гадна Венесуэл, Никарагуа, Науру,
Сири улсууд Абхазын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.
Гүржийн Гадаад хэргийн яам "Оросын санаачилсан интеграцын үйл явцад Гүржийн салшгүй хэсэг болох Абхазын бүс нутаг багтаж байгаад” санаа зовж байгаагаа илэрхийлээд энэ үйлдэл нь "Гүржийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчиж байна" гэж мэдэгджээ.
ЗХУ-ын тэнгисийн цэргийн бааз байсан Очамчирад Оросын байнгын бааз байгуулах тухай дээрх мэдээ Орос улс Севастополиос өөр хувилбар хайж байгааг, түүнчлэн Туркийн зүг Хар тэнгисийн эрэг дагуу цэргийн оролцоогоо өргөжүүлж буйг илтгэж байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.