“Ажлын байр-Бэлгийн дарамтгүй орчин” аяныг сэтгүүлчдэд танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-06 16:32:04

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комисс, “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх иргэний нийгмийн эвсэл”-тэй хамтарч НҮБ-ын Хүн Амын сангийн дэмжлэгтэйгээр “Ажлын байр-Бэлгийн дарамтгүй орчин” аяныг зохион байгуулж байна.


Нэг сарын хугацаанд үргэлжлэх тус аян нь төр, хувийн хэвшлийн байгууллага дахь ажлын байрны бэлгийн дарамтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамтын тархалт болон бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх талаарх ойлголт мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.


Аяны хүрээнд ХЭҮК-ын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубээс  гишүүн сэтгүүлчдэд танилцуулга хийж, энэ чиглэлийн мэдлэг, ойлголт өгөх уулзалт, сургалт зохион байгуулав. Энэ үеэр ажлын байрны бэлгийн дарамтын үр дагавар, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, гомдол мэдээлэл шийдвэрлэлт, ажлын байрны бэлгийн дарамтын хохирогчийн кэйст дүн шинжилгээ хийх, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвээр ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, “Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.Болормаа нар хичээл зааж, мэдээлэл солилцжээ.


Сургалтад “МОНЦАМЭ”, Өдрийн сонин, Eagle.mn, Unuudur.mn, Itoim.mn, Bolod.mn, Graph.mn, Snews, МҮОНТВ, МҮОНР, TV9, Star, SBN, Tenger, Монгол HD зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч хамрагдаж, хүний эрхийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв. 

Холбоотой мэдээ