Засгийн газар хуулийн шаардлага хангасан уул уурхайг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр эхэлсэн “Mining Week-2023” чуулга уулзалтаар уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаж байна.
Энэ үеэр Засгийн газрын гишүүд болон Монголын уул уурхайн үндэсний ассоциацын байр суурийг сонирхлоо.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: Хуулийн шаардлага хангасан уул уурхайг Засгийн газар бүрэн дэмжинэ
-Энэ жил олон орны төлөөлөгчид иржээ. Хамгийн гол нь, Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэж байгаа. Уг хуулинд тодорхой өөрчлөлт орж буй. Бид хариуцлагатай, иргэдийн оролцоог хангасан, ил тод уул уурхайг Монгол Улсын Засгийн газар хүсэж байна. Хуулийн шаардлага хангасан, нөхөн сэргээлтээ хийдэг, орон нутагтаа үр өгөөжтэй уул уурхайг Засгийн газар бүрэн дэмжинэ. Тусгай зөвшөөрлөөр өгөөд орхих бус бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ хөрөнгө оруулагч нартаа амлаж байгаа юм. 2024 онд Монгол Улсын эдийн засагт уул уурхайгаас 13 тэрбум ам.доллар орж ирнэ. Уг орлогыг хэрхэн үр, өгөөжтэй ашиглах вэ гэдэг л гол онцлог юм. “Оюутолгой”-г эс тооцвол манай улсад гаднын хөрөнгө оруулалт бага байгаа. Өнөөдөр Монгол Улс Эрдэнэт, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой гэсэн гурван орд дээр л түшиглээд явж байна. Цаашдаа уул уурхайг бүрэн солонгоруулах зорилготой. Гуравхан орд дээр бид хэр удаан хугацаанд явах вэ. Хайгуулын ажилд 3 тэрбум төгрөгийн олон улсын тендер зарлаж, “Xcallibur” компани шалгарсан. Харин ирэх жил тандан судалгааны чиглэлд 40 тэрбумын нээлттэй тендерийг олон улсад зарлах юм. Үүнд олон улсын компаниуд орж ирээсэй гэж хүсэж байна. Тиймээс “Уул уурхайн 7 хоног” нэгдсэн чуулганы үеэр үүнийг зарлах юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийг энэ онд хийхээр зорьж байна
-Монгол Улсын эдийн засаг тогтворжсон. Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрч, 48 хувиар өссөн. Нүүрсний экспорт энэ оны эцэст 52 сая тоннд хүрэх төлөв ажиглагдаж байгаа. Зэсийн экспорт 1.4 сая тоннд хүрэх хүлээлт байна. Уул уурхайн салбарт биржийн тогтолцоог бүрдүүлсэн. Экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх түвшинд очсон төдийгүй тэр үеэс давсан үзүүлэлттэй байгаа. Нүүрсээ уурхайн ам нөхцлөөр бус хил нөхцлөөр борлуулж эхэлсэн. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүнээ хилийн үнээр борлуулна. Боловсруулалтын түвшинг нэг шат ахиулахаар зорьж байна. Тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Тээврийн салбарын либералчлал үргэлжилнэ. Биржийн тогтолцоог улам боловсронгуй болгоно. Хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдаж байгаа, учирч байгаа бэрхшээлийг шийдэхийн төлөө ажиллаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна.
Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт: Өнөөдрийн
байдлаар 47 сая тонн нүүрс гаргасан
-Цар тахлаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 47 сая тонн нүүрс гаргасан. 50 сая давуулах юм бол түүхэнд байгаагүй дээд үзүүлэлт болно. Өнгөрсөн онд 30 гаруй сая тонныг экспортолж байсан юм. Хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтарч ажиллавал улсад өгөөжтэй, валютын нөөц, улсын орлогод ашигтай байна. Дагаад иргэдийн амьдралд ч өөрчлөлт гарах юм. Өмнө нь үргэлж байгаль орчноо хамгаалах ёстой гэж ярьдаг байсан бол энэ жилээс харилцан ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар уул уурхайг ашиглах ёстой юм байна гэдгийг ойлгодог болжээ. Тэр утгаараа гаднын хөрөнгө оруулагчид манайхыг сонирхож, энэ жилийн чуулгад олноороо оролцож байх шиг. Уул уурхайн бүтээгдэхүүний бараг 90 хувь нь автотээврээр тээвэрлэж байна. Хамгийн сүүлийн мэдээллийг онцолж хэлэхэд Монгол Улс, БНХАУ-ын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнгөрсөн долдугаар сард Ерөнхий сайд айлчлах үеэрээ байгулсан. Ингэснээр хоёр улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх болох гуравдагч улс руу тээвэр хийх бололцоо, боломжийг бүрдүүлээд байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
2023 онд 42.9 сая мод тарина
-Уул уурхай, олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт нэгдэж, нийт 680 сая ширхэг мод тарих амлалт өгсөн. Тус хөтөлбөрийн хүрээнд 2022 онд 14.2 сая ширхэг мод тарьснаас аймаг, нийслэл 12.1 сая ширхэг, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 2.1 сая ширхэг мод тарилаа. Энэ онд 42.9 сая ширхэг модыг тарихаар төлөвлөснөөс аймаг, нийслэл 33.8 сая ширхэг, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 9.1 сая ширхэг мод тарих юм. Өмнөговь аймгийн Ханбогд сумыг 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хот болгох ажил эхэлсэн. Уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах олон улсын санаачилга, алхмууд уул уурхайг ч тойрсонгүй. Учир нь тус салбарын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө асар их. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах хүрээнд эрчим хүчний зарцуулалтыг бууруулах, ус ашиглалтыг хэмнэх технологийн шийдэл, санал санаачилга хамгаас чухалд тооцогдож байна. Тэрчлэн компаниуд үйл ажиллагааны стратегиа хариуцлагатай уул уурхайн зарчимтай уялдуулан шинэчлэх, уламжлалт арга барил, нийтлэг байдлаа эргэн харах, байгаль орчны далайцтай бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрч орхигдсон 8000 га газар нөхөн сэргэхээс 6250 га-д техникийн, 2086 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн
зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл 0.3 сая тонн байна
-Зэсийн хувьд 60 гаруй сая тонн батлагдсан нөөцтэй гэж үздэг. Гэвч өнөөдрийн
байдлаар үйлдвэрлэл 0.3 сая тонн байна. Оюутолгойн далд уурхай эхэлсэн нь сайн
хэрэг. Энэ тоо хоёр дахин нэмэгдсэн ч дэлхийн түвшинд өрсөлдөхүйц тоглогч болж
чадаж байна уу гэдэг нь том асуултын тэмдэг юм.