АРХАНГАЙ: Улсын чанартай зам дагуу 200 метр урттай ойн зурвас байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-10 12:32:37

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Цэнхэр сумын харьяат ах, дүү сумын заан Н.Цэрэндорж, Н.Лувсандорж нарын үр хүүхдүүд Цэнхэр сумаар дайран өнгөрдөг улсын чанартай авто замын дагуу 200 метрийн урттай, 10 метрийн өргөнтэй хамгаалалтын хашаатай, гурван эгнээ бүхий ойн зурвасыг байгуулах ажлыг эхлүүлж, 300 гаруй улиас модыг энэ сарын 6-ны өдөр тарилаа.

 

Энэ ажлын анхны санал санаачилгыг сумын заан Н.Цэрэндоржийн хүү улсын начин Ц.Нямдорж гаргасныг үеэл дүү “Агро нэгтгэл трейд” ХХК-ийн захирал Н.Лувсандоржийн Нямсүрэн дэмжиж, хамгаалалтын хашаа болон модны нүх ухах, тарих ажилд компанийн ажилтнуудаа уриалан оролцуулжээ.


Тэд дараа жилийн хавар өөрсдийн төрж өссөн Цэнхэр сумын Буйлан багийн Урд Тамирын голын эрэг дагуу 3-5 га газар мод тарихаар төлөвлөсөн байна. 



Энэхүү мод тарьж, ойн зурвас байгуулах ажил нь Цэнхэр сумандаа ах дүү сумын заан Н.Цэрэндорж, Н.Лувсандорж нарыг алдаршуулах бөхийн барилдааныг 5 дугаар сарын 6-нд зохион байгуулж, бөхийн дэвжээ хандивласан ажлын үргэлжлэл гэдгийг тэд хэлж байлаа.  


Жил бүрийн хавар, намар эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, Цэнхэр сумын хаалга хүртэл мод тарих бөгөөд Цэнхэр сумын уугуул бүхий л хүмүүсийг ажлын болон анги хамт олноороо оролцож, мод тарихыг уриаллаа.


Ийнхүү ах, дүү сумын заануудын үр хүүхдүүдийн тарьсан ойн зурвасын арчлалт, услал, хамгаалалтыг сумын ЗДТГ бүрэн хариуцаж, 100 хувь ургуулах тал дээр анхаарах ажээ. 

Холбоотой мэдээ