Ус ашигласны төлбөрт 55 тэрбум, бохирдуулсны төлбөрт 4.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-10-11 14:59:46

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, МСНЭ-ээс “Ус ба сэтгүүлч” уулзалтыг саяхан зохон байгууллаа.


Уулзалтын үеэр бид манай улсад усны хэрэглээ, усны төлбөр ямар байгаа талаар Усны газрын дарга, доктор З.Батбаяраас тодрууллаа. Тэрбээр мэргэжлийн хүний хувьд юуны өмнө бид усаа гамнаж, хэмнэж, гол, нууруудынхаа усыг хамгаалах чухал байгааг хэллээ. Үүний гарц, шийдэл нь усаа цуглуулж, хуримтлуулах явдал гэдгийг онцолж байв. Жишээ нь, Туул голоо хамгаалахын тулд усаа хуримтлуулж, усан сан байгуулах явдал голоо бохирдуулахаас аварна. Мөн хот суурин газар, хөдөө хотгүй бие засах газруудыг боловсон, эко болгох чухал байгааг хэллээ.


Манай улсад 10 голын 33 байрлалд усан сан байгуулах боломжтой гэсэн судалгаа бий. Гэвч усан сан байгуулах нь сүүлдээ УЦС байгуулах яриа болон замхарч, гол, нууруудын экологийн асуудал суларсан аж. 



Усны газрын дарга, доктор З.Батбаяр, Нийслэлийн хэмжээнд 17 мянган худаг байдаг. Эдгээр худаг нь албан ёсны тоогоор 300 мянга, албан бус тоогоор 600 мянган нүхэн жорлонгоор бохирдож байна. Голын хамгаалалтын бүс болон татамд хэчнээн давхар, хэдэн барилга байшин болон нэг жорлон ч байсан нураах хэрэгтэй гээд байгаагийн учир нь энэ юм. Тиймээс аливаа суурин газар, албан байгууллага, үйлчилгээний газрууд бие засах газраа (жорлонгоо) тэнд ажиллаж буй болон үйлчлүүлж буй хүнийхээ тоонд нийцсэн байдлаар байгуулж, ажиллуулах шаардлагатай байна. Ингэснээр ус зарцуулалтыг багасгана гэлээ.


Оюутолгой компани жилд 580 мянган шоо метр усыг зөвхөн кемпүүдийнхээ хүрээнд буюу ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг. Тус компани үүнээс гадна 740 мянган шоо метр усыг шороо тоос дарах чийгшүүлэлтэд ашигладаг. Гэхдээ энэ нь бохир усаа дахин цэвэршүүлсэн саарал ус юм. Тэгвэл Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот жилд 630 мянган шоо метр ус хэрэглэдэг.


-Усаа хуримтлуулж, цуглуулж буй жишээ манайд хэр байна вэ?

-Энд Тайширын УЦС-ын дэргэд байгуулсан Гэгээн нуур (Говь-Алтай аймгийн нутагт) болон хамгийн наад захын жижиг жишээ гэхэд, Даланзадгад хот усан бассейнтай болсныг дурдаж болно. Харин одоо Өмнөговийнхан бассейн усаа мод услах, машин угаахад гэх мэтээр эргүүлэн ашиглах хэрэгтэй байна. Мөн баруун аймгуудад хөв цөөрөм байгуулж буй жишээг хэлж болно.


-Манай улс усны төлбөрөө хэр бүрэн дүүрэн авдаг вэ?

-Усны төлбөрийг Усны тухай хуульд зааснаар ус ашигласны, бохирдуулсны, хомсдуулсны, мөн ашигласны буюу үйлчилгээний гэсэн 4 төрлөөр авдаг. Ус ашигласны төлбөрт өнгөрсөн оны дүнгээр 55 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрлүүлсэн. Үүний 15-16 тэрбум төгрөгийг Оюутолгой компани болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 4 тэрбум орчин төгрөгийг “Дачин Тамсаг” бүрдүүлж оруулсан. Ер нь бол ус ашигласны төлбөрийг голлон уул уурхайн компаниудаас бүрдүүлж байгаа. Харамсалтай нь манай улс усны төлбөрөө хожуу авч эхэлсэн. Энэ нь Усны тухай хууль удаж баталгаажин хэрэгжсэнтэй холбоотой. Уул уурхайн компаниудын хувьд 2022 оны 11 дүгээр сард Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулснаар энэ салбараас төлөх усны төлбөрийг 75 хувиар нэмсэн. Жишээ нь, Оюутолгой компанид ус ашигласны төлбөр 20-30 тэрбум төгрөгийг ногдуулдаг. Ийм хэмжээний төлбөр төлөхөрс төлөвлөсөн. Энэ онд тус компани дээрх хэмжээнд төлөх байх. Тиймээс нэмэгдүүлсэн хувиар тооцох юм бол 2023 онд уул уурхайн компаниудын төлөх дүн 75-100 тэрбумд хүрнэ хэмээн тооцож байгаа.


Усны төлбөр дээр ойлголтын нэг зөрүү байгааг ялгаж хэлэх хэрэгтэй байна. Юу гэвэл зарим байгууллага манайх Ус сувгийн газартай гэрээ байгуулсан гээд ус ашигласны төлбөрөө төлдөггүй. Гэтэл тэр хэлээд байгаа нь усны төлбөр биш, үйлчилгээний төлбөр юм. Ус сувгийг удирдах газар нь ус түгээсний, шугам сүлжээний төлбөр гээд үйлчилгээний зардлаа авдаг. Энд ундны, хэрэглээний, нөөцийн гээд устай шууд холбоотой ямар ч төлбөр байхгүй. Усны төлбөр нь эднийхээс тусдаа юм. Үүнийг хүмүүс, хэрэглэгч, ААН-үүд ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна. 1 литр ус 8-9 төгрөгийн зардалтай байдаг.


Ус бохирдуулсны төлбөрт өнгөрсөн 3 жилийн дүнгээр 4.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.



“Ус ба сэтгүүлч” уулзалтын үеэр гарсан ярианы голлох ишлэлүүдээс хүргэвэл:

  • Бид ус зайлуулах хоолой, хаягдал ус гэж ярьж хэлдэг. Уг нь бол усаа хуримтлуулах, ус цуглуулах хэмээн ярьж сэтгэлгээ, ойлголт, хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна.
  • Дэлхий нийтэд унаган байгаль орчноо авч үлдэх нь чухал болж, ойгоо хамгаалахад анхаарах болсон. Жишээ нь, залуу модоо тайрч огтлохгүй байх, ойгоо цэвэрлэх, нөхөн сэргээх зэргээр.
  • Монголд мөнх цаст уулуудын цас, цэвдэг хайлж байна. Ингэснээр эхэндээ гол, нуурын ус ихсэх боловч яваандаа татарч, хуурайшна.
  • Улаанбаатар хотод 2030 он гэхэд усны хэрэглээ 3 дахин нэмэгдэж, 1 сая шоо метр ус хэрэглэх болно. Түүнээс өмнө бид 500 мянган шоо усыг л нөөцөлж чадах боломжтой.
  • Дэлхийд дэлхийн дулаарал биш өөрчлөлт явагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь дулаарлаас бус хүйтрэлтэй холбоотой. Хүйтэнд ургамлаас аваад хүнсний ногоо, цагаан будаа, тариа ургадаггүй. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг.
  • Дэлхийд Байгал, Виктори, Хөвсгөл гэсэн 3 нуур хамгийн цэнгэг, цэвэр усны нөөц болдог.
  • Айл өрхөд усны зарцуулалтыг эмэгтэйчүүд голдуу мэдэж хийдэг учир ус зарцуулалтын талаар тэд сайн мэднэ. Тиймээс “Ус ба эмэгтэйчүүд” гэдэг нь  нийгмийн бие даасан сэдэв бүхий асуудал болж байна.
  • Стандарт ярихад бидний хэрэглэж буй ус зохих хэмжээний градустай байх ёстой. 8 хэмийн дулаантай байдаг. Энэ стандартыг Австри улсад мөрддөг. 

Холбоотой мэдээ