Шинэ цэцэрлэг 10 дугаар сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-21 10:31:56

Дорноговь аймгийн Өргөн суманд баригдаж байгаа 100 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэгийн барилгыг гүйцэтгэгч компани хараахан ашиглалтад оруулаагүй байна.

Цэцэрлэгийн барилга нь  нийт 723 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд 50 хувийг улсын төсвөөр, үлдсэн 50 хувийг  Япон Улсын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж буй.

Барилгын ажлыг хэзээ дуусгаж хүлээлгэн өгөх талаар гүйцэтгэгч “Мөнх-Өргөө” ХХК-ийн захирал Б.Батхишигтэй холбогдоход, “Бид барилгын ажлыг тавдугаар сард эхэлсэн. Уг нь есдүгээр сарын 01-нд багтаагаад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажилласан хэдий ч улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө хойшилсноос үүдэж бидний ажил удааширсан. Бид улсын төсвийн хөрөнгийг хүлээж суулгүй өөрсдийнхөө хөрөнгөөр барилгын ажлыг гүйцэтгэж ирэх 10 дугаар сарын эхээр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ажлын явц 90 гаруй хувьтай. Улсын төсвөөс одоо 30 гаруй хувийн санхүүжилт авах ёстой. Гэтэл сонгууль болж санхүүгийн баримт дээр гарын үсэг зурдаг эрх бүхий хүмүүс нь томлогдохгүй байсаар удлаа. Удахгүй шаардлагатай хөрөнгийг баталж өгөх байх гэж найдаж байна” гэлээ.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ