ЗАВХАН: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг "Завхан хүнс групп" хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-26 17:49:58

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Тус аймгийн "Завхан хүнс групп" ХХК нь аюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (НАССР) стандартад давтан аудит хийлгэжээ.


Аймгийн “Завхан хүнс групп” ХХК-ийн Аюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (HACCP)-нд давтан аудитыг Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны А/241 дугаар тушаалаар томилогдсон аудитын баг энэ сарын 19-20-ны өдрүүдэд хийсэн байна.


"Завхан хүнс групп" ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд мал төхөөрөх, мах бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг. 2018 онд эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянан шинжлэх тогтолцоо HACCP стандартыг хэрэгжүүлж гэрчилгээжсэн байна.


Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд тэр болгон энэ олон улсын тогтолцооны стандартыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг.

Уг стандарт нь хүнсний эрүүл ахуйн хяналтын хамгийн оновчтой арга мөн гэж олон улсад хүлээн зөвшөөрдөг байна.

Харин "Завхан хүнс групп" ХХК нь орон нутагтаа анх удаа энэхүү стандартыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүтээгдэхүүнээ гадаадад экспортолдог учраас HACCP тогтолцооны баталгаажуулалтын хугацаагаа сунгуулахаар дахин давтан аудит хийлгэсэн аж.


Энэ талаарх мэдээллийг Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, аудитор Д.Тунгалагтуяагаас тодрууллаа.

 

-HACCP гэж юу вэ, яагаад хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

үтээгдэхүүний чанар, худалдаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах. Мөн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэх гол хэрэгслийн нэг нь чанарын удирдлагын тогтолцоо юм. Манай оронд 1991 онд "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай", 1994 онд "Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай" Монгол Улсын хуулиуд болон холбогдох тогтоол, шийдвэрүүд гарсан.


Тэгэхээр HACCP нь анх 1960-аад онд Америкийн сансрын нислэгийн удирдах төв буюу NASA-аас сансрын хөлгийн нисгэгч нарт зориулсан маш эрүүл хүнсийг бэлтгэхэд зориулж "Пилсбери" компанитай хамтран өндөр нууцлалтай боловсруулан гаргасан төсөл байсан бөгөөд хамгийн чанартай эрүүл хүнсийг эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд үйлдвэрлэх үйл ажиллагаа байсан юм.


Хүнсний аюулгүй байдлыг хангах менежментийн аргуудаас хүнсний үйлдвэрлэлийн явцад аливаа нэг эрсдэл гарахаас өмнө технологийн аюултай үе шат бүр дээр эрсдэлүүдийг үнэлж, хяналт тогтоох зарчим дээр үндэслэдэг.

Энэхүү аюулын дүн шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналт буюу HACCP тогтолцоо нь хүнсний аюулгүй байдлыг хангах үр дүнтэй удирдлагын хэрэгсэл болдог.

HACCP-ийг өнөө үеийн хүнсний эрүүл ахуйн хяналтын хамгийн оновчтой арга мөн гэж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч байгаа. Ялангуяа экспортын зориулалттай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлснээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал тогтворжиж, улам дээшлэх болно гэж үздэг.


 

-Энэхүү НАССР стандарт тогтолцоог хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой юм бэ?

-Үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний шат дамжлага бүрд аюулгүй найдвартай байдал нь дээшилнэ. Хүнсний бүтээгдэхүүний үр ашиггүй зардал багасч, их хэмжээний үйлдвэрлэлийн гологдол, үл тохирол гарахаас сэргийлж чадна. Мөн шинжлэх ухаанаар батлагдсан мэдээлэл дээр тулгуурлах тул өнөө хүртэлх туршлага болоод өөрийн мэдрэмжээрээ хийж ирсэн эрүүл ахуйн хяналтыг бодвол тогтвортой, аюулгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болно гэсэн үг.


Бүр нарийвчилж хэлбэл, үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний шат дамжлага бүрд аюулгүй найдвартай байдал нь дээшилнэ. Хүнсний бүтээгдэхүүний үр ашиггүй зардал багасна.


Олон улсын зах зээлд гарах боломж нээгдэнэ. Ажилтан өөрийн үүргээ гүйцэтгэхэд ойлгомжтой байдаг.

Бүтээгдэхүүний аюулгүй байдал нь баталгаатай гэдэгт итгэлтэй болж сонголт хийхэд хялбар болох юм.


-Завхан аймгийн аж ахуйн нэгжүүдээс анх удаа "Завхан хүнс групп" энэхүү стандартыг мөрдөж ажилладаг юм байна?

-Тийм ээ. Завхан аймаг болон баруун бүсийн хүнс үйлдвэрлэгчийг манлайлан энэхүү тогтолцооны стандартыг хэрэгжүүлсэн нь тус компанийн удирдлагууд, хамт олны менежмент, багийн ажиллагаа сайн байна гэж дүгнэж байна.

Энэхүү тогтоолын стандартын хэрэгжилтэд аудитыг мэргэшсэн аудиторууд хийдэг. Энэ удаад "Завхан хүнс групп" ХХК-ийн стандартыг сунгах давтан аудитыг Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн, аудитор Л.Золзаяа, Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, аудитор Д.Тунгалагтуяа миний бие хамтран батлагдсан удирдамжийн дагуу давтан аудитыг хийсэн.


Аудитын дүнг Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын зөвлөлд танилцуулан хэлэлцүүлж эцсийн шийдвэр гардаг.


Энэхүү зөвлөлийг Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга ахалж, мэргэжлийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байдаг.


-Ер нь махны үйлдвэрүүд энэ стандартыг хэрэгжүүлэх шаардлагатай юу?

-Шаардлагатай.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөн”-ийг өрнүүлсэн. Мөн УИХ-аас “Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай 2022 оны 36 дугаар тогтоол батлагдан мөрдөж ажиллаж байгаа.


Энэ тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2/г-д зааснаар,

“Мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх, хүнсний сүлжээний үе шат бүрд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх” тухай заасан байдаг.


Түүнчлэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааран энэ хуулийн 4.1.19-4.1.21-д заасан дараах зохистой дадлыг нэвтрүүлнэ.


Тухайлбал, 7.1.1-д хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадал. 7.1.2-д хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн зохистой дадал. 7.1.3-д хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шатанд үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг тус тус нэвтрүүлнэ гэж заасан байна.

Тус хуульд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэгт зохистой дадлыг өөрийн үйлдвэрлэлийн бүх үе шатанд хэрэгжүүлэх.

Нөгөөтэйгүүр бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг компани энэхүү тогтолцооны стандартыг хэрэгжүүлж баталгаажуулалт хийгдсэн байхаар импортлогч орон шаарддаг учир хэрэгжүүлэх шаардлагатай байдаг юм.


-Ер нь аймгийн хүнсний үйлдвэрүүд энэ стандартыг хэрэгжүүлэх талаар зөвлөгөө, сургалт авах бол хаана хандах вэ?

-Энэ чиглэлийн мэдээлэл, сургалт авахаар бол манай байгууллагад хандаж болно. Мэдээлэл, зөвлөгөө өгөхөд нээлттэй. Стандартын талаар мэдээлэл авахаар бол манай еstandard.gov.mn вэб сайтаас стандартаа уншиж судлах, стандартаа цахимаар захиалан авч гарын авлага болгон ашиглахад бүрэн боломжтой юм.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ