Оросын тэрбумтан А.Кузьмичевыг Францад баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-31 11:34:52

ПАРИС, 2023 оны аравдугаар сарын 31 /VoA/. Оросын "Альфа" группыг үүсгэн байгуулагчдын нэг болох Алексей Кузьмичевыг мөнгө угаасан хэргээр Францад баривчилсан тухай “Le Monde” сонин мэдээлжээ.


Францын Үндэсний санхүүгийн прокурорын газрын мэдээлснээр, баривчилгааны үеэр хэд хэдэн газарт нэгжлэг хийсэн байна. Тодруулбал, А.Кузьмичевын Парис дахь орон сууц, Сент-Тропез дахь түүний эдлэнд явуулсан нэгжих ажиллагаанд 60 орчим хүн оролцсон ба их хэмжээний бэлэн мөнгө байсныг илрүүлжээ. Одоогоор А.Кузьмичевийг ямар хэрэгт буруутгаж байгаа болон таслан сэргийлэх арга хэмжээ авсан эсэх талаарх тодорхой мэдээлэл алга байна.


Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа А.Кузьмичевыг Европын Холбооны (ЕХ) хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан бөгөөд тус холбооны удирдлагын үзэж байгаагаар, тэрбээр "Оросын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг" ажээ.


Хуулийн дагуу хоригийн жагсаалтад орсон А.Кузьмичевын эд хөрөнгийг хурааж, ЕХ-нд нэвтрэхийг хориглох ёстой бөгөөд тэрбээр хоригт орох үедээ Францад амьдарч байжээ. 


Михаил Фридман, Герман Хан, Петр Авен, Андрей Косогов ба Алексей Кузьмичев нарын хамтран эзэмшдэг "Альфастрахование" компани нь Украин дахь Оросын армийн цэргийн техникүүдийг даатгалд хамруулах үйлчилгээ эрхэлдэг аж. Тодруулбал, 65 цэргийн анги болон Оросын гвард, Батлан ​​хамгаалах яамны харьяа байгууллагуудын автомашинуудыг тус компанид даатгуулжээ.

Холбоотой мэдээ