ЗАВХАН: Хүүхэд бүрийн давуу тал, бусдаас ялгарах онцлог шинжийг нээж хөгжүүлэх нь хүн бүрд хамааралтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-31 17:46:08

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Тус аймгийн 1000 гаруй хүүхэд өсвөр үеийнхний аж байдал, амьдралд байгаа давуу тал, тэдний авч чадаж байгаа, авч чадахгүй байгаа дэмжлэгийг тодорхойлох судалгаанд хамрагджээ.


Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар НҮБ–ын Хүүхдийн сангийн дэмжлэг бүхий Олон улсын аргачлалаар боловсруулсан “Завхан аймгийн хүүхэд, өсвөр үеийн аж байдлын давуу тал болон дэмжлэг” нэртэй судалгааны тайлан нэгтгэгдэн гарсан байна. Энэ талаарх мэдээллийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Онолбаатараас тодрууллаа.


-Өдрийн мэнд хүргэе. Энэ судалгааг хаанаас ямар аргачлалаар хийв?

-Завхан аймгийн өсвөр үеийн хүүхдүүдийн тухай сонирхолтой судалгааг авч, судалгааны дүнг нэгтгэн товхимол болгож гаргаад байна. Энэ судалгааг манай хамт олон Амеркийн Нэгдсэн Улсын Минеаполисийн Search институтийн судалгааны аргачлалаар МУБИС-ийн доктор, дэд профессор Т.Цэндсүрэн, судлаач магистр С.Энхжаргал нарын удирдлага дор хамтран гүйцэтгэлээ.


АНУ болон дэлхийн бусад улсын 4-12 дугаар ангийн 4 сая гаруй өсвөр үеийнхнийг хамруулж, 20 гаруй жилд явуулсан судалгаа. 2014 онд Монголд анх удаа 1082 өсвөр үеийнхнээс хийсэн түүвэр судалгаа зэргийг түшиглэн энэхүү тайланг боловсруулсан юм.


Дээрх судалгаанаас үзэхэд давуу чанарын өндөр түвшинтэй өсвөр үеийнхэн нь бага түвшинтэй үе тэнгийнхнээсээ оюун ухаан, бие бялдрын хувьд бусдаас эрүүл. Нийгэм болон олон нийтийн ажилд илүү оролцдог, анхаарал хандуулдаг, бүтээлч болохыг харж болно.


Хүүхэд бүрийн давуу тал, бусдаас ялгарах онцлог шинжийг нээж хөгжүүлэх нь хүүхдэд өөрт нь болон тэдний төлөө чин сэтгэлээ зориулан ажиллаж байгаа хүн бүрд хамаатай юм.




-Завхан аймагт анх удаа хийж байна уу?

-Энэхүү судалгааг Завхан аймагт хоёр дахь удаагаа хийж байгаа юм. Орон нутгаас анх удаа буюу 2018 онд 10-18 насны 7838 өсвөр үеийнхэн энэ судалгаанд хамрагдаж байсан. Тэгвэл 2022 онд 1082 хүүхэд энэ судалгаанд түүврийн аргаар хамрагдсанаараа онцлогтой юм.


-Судалгааны зорилго нь?

-Завхан аймгийн хүүхэд, өсвөр үе буюу 10-18 насныхний хөгжлийн давуу чанарыг тодорхойлох. Хүүхдийн хөгжлийн давуу чанарын үзүүлэлтэд тулгуурласан бодлого төлөвлөлт хийх, хэрэгжүүлж ажиллах зорилготой. Өөрөөр хэлбэл өсвөр үеийнхний аж байдал, амьдралд байгаа давуу тал, тэдний авч чадаж байгаа, авч чадахгүй байгаа дэмжлэгийг тодорхойлоход энэ судалгаа чиглэсэн юм.


Судалгаанд Завхан аймгийн ерөнхий боловсролын бүх сургууль болон Политехник коллеж, МСҮТ, Хөгжим бүжгийн коллежид суралцаж буй 10-18 хүртэлх насныхан, сургуулиас завсардсан хүүхдүүдийн төлөөллийг хамруулсан. 


Энэхүү хөгжлийн давуу чанарын судалгаа нь өсвөр үеийнхнээс өөрсдийн болон найз нөхөд, гэр бүл, сургууль, олон нийтийн зүгээс үзүүлдэг төрөл бүрийн дэмжлэг, давуу тал хэр зэрэг байдаг талаарх 58 асуултад хариу авдаг аргачлал бүхий судалгаа юм.


-Судалгааны үр дүнг юу гэж харж байна вэ?

-Мэдээж энэхүү судалгааг авснаар олон эерэг үр дүнг хүлээж байна. Тухайлбал хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийн суурь судалгаа, мэдээллийн баазтай болно. Мөн судалгаанд суурилсан, хэрэгцээнд нийцсэн бодлого, төлөвлөлт хийдэг болно. Анхан шатанд ажиллаж буй нийгмийн ажилтнуудыг судлгааны арга зүй, ур чадварт сургасан байна.




Аливаа хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гарааны болон төгсгөлийн үнэлгээг шинжлэх ухаанч арга барилаар үнэлж, дүн шинжилгээг хийж чаддаг болсон байна. Эцэст нь энэхүү судалгааны тайлан нь бүх шатны үүрэг хүлээгч, олон нийтэд хүүхдийн аж байдал, амьдрал дахь давуу тал болон дэмжлэгийг тодорхойлоход чухал баримт болно.


Улмаар Завхан аймгийн хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлох, бодлого боловсруулахад олон шинэлэг санааг өгөх болно гэж үзэж байна.


Ер нь судалгааны үр дүнд суурилан өсвөр үеийнхний хөгжлийн дотоод, гадаад давуу чанар, давуу чанарыг бүрдүүлэгч орчныг сайжруулахын тулд бусад сонирхогч, хамтрагч талуудтай судалгааны үр дүнд суурилсан өсвөр үеийнхнийг дэмжих үйлчилгээ, үйл ажиллагааны хамтын төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг судлаачид онцолж байгаа юм.


Тиймээс хүүхдийн хөгжил, оролцооны цар хүрээ, чанар, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор “Завхан аймгийн хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих стратеги”-ийг энэхүү судалгааны үр дүнд суурилан боловсруулах нь хүүхдийн хөгжил, оролцооны үр нөлөөг нэмэгдүүлэх сайн талтай юм.


-Энэхүү судалгааны дүнд үндэслэн судлаачдаас зөвлөмж гаргасан байна?

-Тийм ээ. Судалгаанд үндэслэн Завхан аймгийн ЗДТГ, ГБХЗХГ болон бусад холбогдох байгууллагуудад дараах санал, зөвлөмжийг дэвшүүлсэн байна.

Тухайлбал, нэгдүгээрт, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд хүүхдийн хөгжлийн талаар мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг сургууль, цэцэрлэг, гэр бүл, байгууллага, олон нийт орон нутгийн хүрээнд зохион байгуулах.


Хоёрдугаарт, хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааны санал санаачилгуудыг нийгмийн үйлчилгээний, бизнесийн, нутгийн удирдлагын, байгууллагын түвшинд өрнүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай.




Хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар, орчин нөхцөл, тоглоомын талбай, спортын талбай учир дутагдалтай байгааг аймаг орон нутгийн удирдлагууд анхаарч энэ чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй.


Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний хөтөлбөрүүдийг хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр чиг үүрэг хүлээсэн бүх шатны байгууллага болон хүүхдийн оролцооны төрийн бус байгууллага, хүүхэдтэй ажилладаг соёл, спорт, боловсрол, эрүүл мэнд, халамж, хууль сахиулах, зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлэх.


Алслагдсан сум, дотуур байранд амьдарч байгаа болон чадварын ялгаатай тусгай хэрэгцээт хүүхдийн нас, танин мэдэхүйн хөгжлийн онцлогт тохирсон байдлаар бүх  хүүхдийг орхигдуулалгүй жигд хөгжүүлдэг байхад холбогдох газрууд анхаарах шаардлагатай байна.


Хүүхдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход хүүхдийн оролцоог хангаж, хүүхдүүдийн гаргасан санал санаачилгыг дэмжиж бодитой ажил болгон хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан үндэсний болон орон нутаг, байгууллага, сургууль, гэр бүлийн орчинд хүүхдийн оролцоог хангах.


Ер нь хүүхэд оролцсон үйл ажиллагааны үр дүнг үнэлэн өөрчлөлтийг хянах боломжийг хүүхдүүдэд олгосноор гарсан үр дүнг түгээн дэлгэрүүлэх, дараагийн үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулахад тусалдаг.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн оролцоог хангах үйл явц нь эргэх холбоотой үйл явц бөгөөд үе шат болгонд хүүхдийн оролцоо заавал байх шаардлагатай гэж энэхүү судалгааг удирдан зохион байгуулсан судлаачдаас зөвлөмжийг өгсөн байна.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ