ЗАВХАН: Малчид бэлчээртээ тохируулан малаа зах зээлд борлуулж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-01 17:56:02

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Их-Уул сум энэ жил хүнсэнд 7342 толгой малыг хэрэглэж зах зээлд 10 мянган толгой малыг нийлүүлж худалдан борлуулжээ.


Малчид өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж хүнсэнд хэрэглэх болон зах зээлд худалдан борлуулах малын тоо судалгааг өгч байна.

Жил бүр малчид бэлчээрийн даацдаа тохируулан худалдан борлуулах малынхаа тоог гаргаж отор нүүдлийн талаар зөвлөлддөг. Энэ жил тус сумын малчид байгалийн хадлан 232 тн, 132 тн ногоон тэжээлийг бэлтгэжээ.

Сумын аюулгүйн нөөцөд одоогийн байдлаар 2153 боодол, 93 тн өвс, 7 тн хивэг нөөцлөөд байна. Тус сумын малчид энэ өвөл Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн 10 суманд отроор өвөлжих. Отроор 70 орчим суурийн 160 мянган толгой малыг өвөлжүүлэхээр төлөвлөсөн байна.


Сумын нийт бэлчээрийн газар нутагт хонин толгойд шилжүүлснээр 34083.2 толгой мал бэлчээрлэх боломжтой судалгаа гарсан. Гэтэл өнгөрсөн жилийн эцсийн тоолуулсан малыг хонин толгойд шилжүүлбэл 531.146 мянга байгаа нь бэлчээрийн даац тус суманд даруй 15.5 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна.


Тиймээс бэлчээрийн даацдаа тохируулж малаа өвөлжүүлэх, улмаар зах зээлд борлуулах малын тоог нэмэх. Өвс тэжээлийг хангалттай нэмж нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд, тус аймагт өнөөдрийн байдлаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байна. Харин Завханы хамгийн олон хүн амтай төдийгүй мал бүхий Их-Уул сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай байна. Тус аймаг энэ жил 6517.1 га-д таримал тэжээл тариалж, 13720 тонн тэжээл хураан авч, аймгийн 20 сум таримал тэжээл тариалжээ. Үүний нэг нь Их-Уул сум, энэ жил 7 га талбайд таримал тэжээл тариалж амжилттай ургац хураан авчээ. 

Холбоотой мэдээ