ЗАВХАН: Баянтэс сум 8000 гаруй модыг суулгац болон үрээр тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-02 16:17:49

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Баянтэс суманд 15 га газарт 12 мянган мод тарих ажлыг хийжээ.


Завхан аймагт АДАПТ төслийн хүрээнд нийт 95 га газарт татмын ойжуулалт, тармаг ойн нөхөн сэргээлт, 60 га газарт ойн сийрэгжүүлэлтийг хийж байгалийн аясаар нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх юм. Үүний нэг нь Баянтэс сум.


АДАПТ төслийн 70 хувь, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 30 хувийн санхүүжилтээр Баянтэс сумын Хачигийн гол дагуух 15 га газарт татмын ойжуулалтыг хийж байна.

Татмын ойжуулалтын ажлын хүрээнд улиас, бургас, чацаргана, үхрийн нүд, хайлаас гэсэн таван төрлийн нийт 12 мянган модыг суулгаж хайс хамгаалалтыг нь хийгээд байна. Дээрх ажилд орон нутгаас 25 иргэн түр ажлын байраар хангагдан ажиллаж байна.


Баянтэс сум "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж жилд 12500 ширхэг мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Жилд хоёр удаа буюу хавар, намар мод тарих хөдөлгөөнийг сумандаа идэвхтэй өрнүүлж үр дүнд хүрэхийг зорьж байна.



Учир нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авах ажил бол мэдээж бэлчээр, газрын хөрсөө хамгаалах, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг тогтвортой хийх.


Нэг га ойн мод, сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа, униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг бөгөөд ялангуяа навчит мод дуу, чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьдаг юм билээ.


Ой мод нь хүлэмжийн хийг шингээж, агаарыг цэвэршүүлдэг “Дэлхийн уушиг” юм. Зуны улиралд нэг ширхэг хайлаас 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, голт бор 1.6 кг, шар хуайс 0.2 кг хүртэл тоос, шороог навчныхаа гадаргуу дээр буулгадаг гэсэн судалгаа мэдээлэл байдаг.


Тиймээс ойжуулалт, хөрс усаа хамгаалах ажлыг үргэлжлүүлэн тогтвортой хийнэ. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд нийт зургаан төрлийн 8000 гаруй модыг үрээр болон суулгацаар тарьж 2 км гаруй ойн зурвас байгуулаад байна гэж Баянтэс сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ