ХОВД: Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-09 20:12:38

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон талт ажил Ховд аймагт хэрэгжиж байна.

Энэ удаа  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд  Ховд аймагт Ажлын байрны дадлагажуулагчийн талаарх анхан шатны сургалт зохион байгууллаа. 

Сургалт гурван өдөр үргэлжлэв. Хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх нөлөөллийн семинар зохион байгуулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл 50 гаруй хүн хамрагдсан.

Харин ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааг танилцуулах семинарт 20 гаруй хүн хамрагдаж, өнөөдөр гэрчилгээ гардан авлаа.   


Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх зорилготой энэхүү сургалтад оролцогчид нь орон нутгийнхаа хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаар санал солилцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ арга барилд суралцсанаараа онцлогтой юм.

Ховд аймгийн хэмжээнд 3200 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа бөгөөд зарим нь ажил хийхийг хүсч байгаа боловч тодорхой саад бэрхшээл тулгардаг.   

Энэ удаагийн сургалтад оролцогчид ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж, тодорхой үнэлгээ, хувь хүний онцлог, чадавхыг харгалзан үзэж, яг тохирсон ажлын байранд нь зуучлах, зөвлөн туслах, дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.     

Цаашид ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах аж ахуйн нэгж, байгууллагуудын цар хүрээ нэмэгдэж, хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээ олноор бий болох байх гэж дээрх төслийг хэрэгжүүлэгчид найдаж байна.    

Холбоотой мэдээ