“Титаник” хөлөг онгоцны хоолны цэс 100 мянган долларын үнэ хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-13 16:59:20

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /BBC/. Титаник” хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулсан оройн хоолны цэс дуудлага худалдаагаар 84 мянган фунт стерлингээр /102 мянган ам.доллар/ зарагджээ.


Уг цэснээс 1912 оны дөрөвдүгээр сарын 11-ний орой “Титаник” хөлөг дээрх нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод оройн зоогонд ямар хоол санал болгож байсныг харж болох бөгөөд хясаа, үхэр, хурга, нугасны мах зэргийг жагсаасан байжээ. Титаник 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд Атлантын далайд мөсөн уултай мөргөлдөж, живсний улмаас 1500 гаруй хүн амиа алдсан билээ.


Дуудлага худалдааг Их Британийн Уилтшир гүнлэгт Henry Aldridge & Son компани зохион байгуулжээ. Дуудлага худалдаачин Эндрю Олдрижийн хувьд, энэхүү цэсийг бүх цаг үеийн хамгийн алдартай хөлөг онгоцноос үлдсэн гайхалтай эд зүйл хэмээн тодорхойлсон байна.


Цэсэн дээрх зарим үг үсэг арилсан байгаа нь далайн мөстсөн усанд норсныг илтгэж байгааг тэрбээр хэлээд, уг ховор олдвор нь дөрөвдүгээр сарын 15-ны өглөө Атлантын далайн хүйтэн уснаас эсэн мэнд үлдэж чадсан хэн нэгэн авч явж байсан эсвэл амиа алдсан хүмүүсийн эд зүйлсээс олдсон байж магадгүй хэмээн ярьжээ.


Дуудлага худалдаагаар үнэ хаялцуулсан эд зүйлсийн дотор “Титаник”-ийн хоёрдугаар зэрэглэлийн зорчигч Синай Канторын зүүж явсан, Швейцарт үйлдвэрлэсэн халаасны цаг байсан бөгөөд 97 мянган фунт стерлингээр зарагджээ. Түүнчлэн зорчигчдыг аврахын тулд хэрэглэсэн нэгдүгээр зэрэглэлийн дөрвөлжин хээтэй хөнжил 96 мянган фунт стерлингийн үнэд хүрсэн байна.


Дуудлага худалдааг зохион байгуулагч нь Атлантын далайн ёроолд буй зорчигч тээврийн хөлөг онгоцны эд зүйлсийг үнэ хаялцуулдгаараа алдартай ажээ. Тухайлбал, нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод үйлчлэгчийн үслэг хүрмийг 2017 онд 150 мянган фунтээр зарж байжээ. Мөн тухайн онд “Титаник”-ийн зорчигч Оскар Холверсоны захидал 126 мянган фунт стерлингийн үнэд хүрч байв.




Холбоотой мэдээ