ДАРХАН-УУЛ: Энэ онд 325314 мод, бут тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд 2023 онд нийт 325314 мод ,бут тарьсан байна. Хавар, намрын улиралд мод тарих ажилд 241 ААНБ, 5130 иргэн, албан хаагч оролцжээ.
Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд боловсролын салбарынхан идэвхтэй оролцдог аж. Тухайлбал их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын 28 байгууллагын 918 багш, ажилтан сургууль, цэцэрлэгийнхээ ойр орчимд мод тарих ажлыг энэ жил зохион байгуулжээ.
"Ногоон Дархан-2032" хөтөлбөрийн “Шинээр үйлдвэрлэл үйлчилгээ, нийтийн орон сууц барих зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авсан, эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан, эрхийн гэрчилгээгээ сунгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрынхаа 10 хувьтай тэнцэх талбайд тусгайлан заасан байршилд ногоон байгууламж, ойн зурвас байгуулах, эсвэл ногоон байгууламж, ойн зурвас бий болгоход зориулж талбайн хэмжээгээр нэг метр квадрат талбайг 1000 төгрөгөөр тооцож төлбөр төлнө” 5.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллажээ.
Энэ хүрээнд Зулзагын голын нарсан ойг тэлэх ойжуулалтын ажилд иргэд болон 10 орчим ААНБ-аас хөрөнгө төвлөрүүлэх зарчмаар 2023 онд 333.8 сая.төгрөг төвлөрүүлсэн гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Мөн тус газраас модлог ургамлын үр, тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, мод тарих аж ахуйн нэгж, байгууллага иргэдийг стандартын үр, тарьц, суулгацаар ханган, технологийн заавар, зөвлөмж өгөх, тарьц, суулгацын гаралд үүсэлд хяналт тавин ажиллажээ.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтаж тарьц, суулгацын
үзэсгэлэн худалдааг аравдугаар сард Дархан захын гадна худалдааны талбайд зохион байгуулж, 16 иргэн, ахуйн нэгж, байгууллага 17,8 сая.төгрөгийн
борлуулалтаар 500
гаруй мод бут худалджээ.