Ши Жиньпин: Хятад, Японы хамтын ажиллагаа хоёр орны ашиг сонирхолд нийцнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /CCTV/. Хятад, Японы харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой уулзахдаа мэдэгджээ. Хоёр орны удирдагчид Сан-Фрациско хотноо Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд өнөөдөр уулзлаа.
“Олон улсын байдал эмх замбараагүй үйл явдлаар дүүрэн, шинэ эрсдэл, сорилтууд байнга тулгарч байна. Энх тайвнаар зэрэгцэн орших, мөнхийн найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтдаа хөгжих нь Хятад, Японы ард түмний язгуур эрх ашигт нийцсэн зөв чиглэлүүд мөн" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
БНХАУ-ын дарга Японы талд хандан "нэгдмэл ашиг сонирхолд анхаарлаа хандуулж, санал зөрөлдөөнийг зөв замаар даван туулж, стратегийн харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхэд анхаарч, улс төрийн дөрвөн баримт бичигт тусгагдсан зарчмыг баримталж байгаагаа дахин нотлохыг" уриалсан байна.
Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Сан-Франциско хотын захад уулзсан юм. Ж.Байден ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээс хойш Ши Жиньпинтэй долоон удаа яриа хэлэлцээ хийсэн ба хоёр удаа биечлэн уулзжээ. Түүнчлэн энэ удаагийн Ши Жиньпиний айлчлал сүүлийн зургаан жилд АНУ-д хийж буй анхны айлчлал юм. Ж.Байден, Ши Жиньпин нарын нүүр тулсан өмнөх уулзалт 2022 оны 11 дүгээр сард Индонезын Бали аралд G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон билээ.